Дүрвэгсдэд хэн тусалдаг вэ?

Олон хүмүүс, байгууллагууд дүрвэгсдэд тусалдаг, гэвч тэд хэн болох, яг ямар тусламж үзүүлдэг талаар та мэдэх үү? 1950 онд НҮБ-аас ДДКГ буюу НҮБ-ын “Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар”-ыг байгуулжээ. Энэ газар анх дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын дүрвэгсдэд туслах зорилготойгоор, ердөө гуравхан сарын турш үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгуулагдаж байжээ. Тэр үеэс хойш төд удалгүй НҮБ-ын ДДКГ-ын үүрэг нь зөвхөн дүрвэгсэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн эх орон луугаа буцаж буй хүмүүс, харьяалалгүй хүмүүс, орогнол эрэгчид эсвэл дотооддоо нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн хүмүүсийн бүрэн бүтэн байдал, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй болж өргөжин тэлсэн байна. НҮБ-ын ДДКГ одоогийн байдлаар дэлхийн 120 гаруй оронд 10,000 орчим ажилтантай, дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг НҮБ-ын тэргүүлэгч байгууллага болсон байна.  

    Дүрвэгсдийн хямралт байдлын үед НҮБ-ын ДДКГ Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан буюу UNICEF, Дэлхийн Хүнсний Хөтөлбөр зэрэг НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагуудтай хамтран ажилладаг. Тэд тус бүр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр дүрвэгсдэд томоохон тусламж, туслалцааг үзүүлдэг. Гэхдээ дүрвэгсдэд зөвхөн эдгээр байгууллагууд тусламжийн гараа сунгадаг биш юм. Орон нутгийн, үндэсний болон олон улсын хэдэн зуун ТББ-ууд дүрвэгсдэд тусалдаг. Үүний зэрэгцээ улс орнууд болон олон улсын байгууллагууд тусгай хөтөлбөрөөр дамжуулан тусламж үзүүлдэг байна. 

    Эдгээр бүх байгууллагууд дүрвэгсдэд нэн шаардлагатай зүйлс болох хамгаалалт, хоргодох байр, хоол хүнс, эрүүл мэндийн тусламж зэргээр хангадаг. Хүүхэд залуучуудад боловсрол эзэмших, сургуульд сурах боломжийг олгож, орлогын эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлж, нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлдэг. 

Дүрвэгсдэд туслахын тулд та юу хийж чадах вэ?  

    Дэлхий даяар нийгмийн бүх давхаргын сая сая хүмүүс албадан шилжигсдэд туслах энхийн үйлсэд сайн дураар оролцдог. Тэд хүмүүнлэгийн үйлсэд хандив өргөх, орон байраар хангах, хувцас хандивлах, уугуул хэлээ зааж өгөх гэх мэт олон талаар дэмжихийг зорьдог. Тусламжийн хэмжээ ямар байхаас үл хамааран ийм санаачилгууд дүрвэгчдийн амьдралд томоохон өөрчлөлт авчирч, амьдралаа шинээр эхлэх хэмжээлшгүй тус дэм болж чаддаг байна. 

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.