Дүрвэгч гэж хэн бэ?

Дүрвэгч гэдэг бол хэвийн бус нөхцөл байдалтай нүүр тулж буй жирийн нэгэн хүн юм. Тэд эх оронд нь болж буй зэвсэгт мөргөлдөөн, хавчлага дарамт зэргээс үүдэн эрсдэлд орсон байдаг. Тиймээс аюулгүй байдлаа хангахын тулд дүрвэж, эх орноо орхин явахаас өөр сонголтгүй болдог байна. Ингэснээр маш их зүйлийг золиослох шаардлагатай болдог. Эл үйл явдал хүний амьдралдаа гаргаж болох хамгийн хэцүү шийдвэрүүдийн нэг мөнөөс мөн юм.

    Тэгэхээр дүрвэгчийг хэрхэн тодорхойлдог вэ? Эх орноо орхин одсон бөгөөд дор хаяж нэг улсын хил давсан хүнийг “дүрвэгч гэнэ. Хэрэв эх орон луугаа буцвал үргэлжлэн буй зэвсэгт мөргөлдөөн түүний амь насыг эрсдэлд оруулж болзошгүй. Эсвэл тэд үндэс угсаа, шашин шүтлэг, арьсны өнгө, бэлгийн чиг хандлага, нийгмийн бүлэг, улс төрийн үзэл хандлагатай холбоотой асуудлаас шалтгаалж хавчлагад өртөх, гадуурхагдах эрсдэлтэй байдаг. Зарим нь шоронд хоригдож, бие махбодын болон сэтгэл санааны хувьд хохирол амсах ч тохиолдол бий.

    Дүрвэгсэд ихэвчлэн өмсөж буй хувцаснаасаа өөр зүйлгүй өөрийн жирийн амьдралаа орхин явдаг. Тэд гэр орон, хадгаламж, карьер болон гэр бүл, хайртай хүмүүсээ ч алдаж магадгүй. Аюулгүй байдалд хүрэх зам урт хийгээд эрсдэлээр дүүрэн. Жишээ нь тэд гэмтэж бэртэх эсвэл амь насаа алдах тохиолдол байхаас гадна энэ бүхэн эцэстээ асар хүнд сэтгэлийн шарх үүсгэж болно.  

    Аз болход дүрвэгсдийн эрхийг хамгаалах олон улсын хууль гэж бий. Хэрэв дүрвэгсэд эрсдэлтэй нөхцөлд  байгаа бол тэднийг эх оронд нь буцаан илгээж болохгүй. НҮБ-ын Дүрвэгсдийн конвенцод нэгдсэн улс орнууд дүрвэгсдийг хүлээн авах, тэднийг хамгаалах үүргийг хуулиар хүлээдэг. Гэвч үүгээр дүрвэгсдийн туулах хүндрэл бэрхшээл дуусгавар болохгүй. Дүрвэгсэд сэтгэлийн шархтайгаа үргэлжлүүлэн тэмцэлдсээр л байдаг. Үүнээс гадна зарим нь гэр бүлээсээ алслагдаж, тэднийгээ санагалзан суудаг. Мөн шинэ орчинд дасан зохицохтой холбоотой хүндрэлүүд ч мөн ихээхэн гардаг.

    Дүрвэгчийг хүлээн авч буй орнууд тэдэнд хэл ба соёлын ялгаатай байдалд дасан зохицоход нь болон бусад тулгамдсан асуудлуудад нь тусламж үзүүлж болно. Гэхдээ яг хэзээ тэд дүрвэгч байхаа болих вэ? Зарим дүрвэгсэд нөхцөл байдал хангалттай аюулгүй болсон тохиолдолд эх орондоо буцах боломжтой болдог. Харин бусад нь хүлээн авагч улсдаа үлдэж, нэг хэсэг нь болдог. Тэдэнд хэрэгтэй, зөв дэмжлэг туслалцаа үзүүлбэл дүрвэгсэд амжилттай нийгэмшиж, шинэ амьдрал зохиож чадна.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.