Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт ба дурсахуйн асуудал

12-р сарын 10 ны өдөр Польш улсын Варшав хотод “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт ба дурсахуйн асуудал” сэдвийн дор зохион байгуулагдсан олон улсын хуралд Эрх Чөлөөний жигүүр ТББ үүсгэн байгуулагч Н. Золзаяа оролцон “Өнөө цагт Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг хэрхэн дурсаж буй” талаар илтгэл хэлэлцүүллээ.

Бүгдээрэй сайн байцгаана уу.

Өнөөдөр би Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар илтгэх болно. Энэ бол Зөвлөлтийн нөлөөн дор хэрэгжсэн бодлогын улмаас лам хуврагууд, сэхээтнүүд болон энгийн иргэдийг оролцуулан хэдэн арван мянган монголчууд цаазлагдаж, хоригдож, цөлөгдсөн харгис үе байв. Энэхүү түүх нь зөвхөн өнгөрсөн үеийн тухай биш юм. Энэ нь үе дамжиж ирсэндурсамж, сэтгэлийн шарх, амьд үлдэх тэмцлийг илэрхийлдэг. Үүнийг судалснаар бид дарангуйллын аюулыг ойлгож, өнөөдөр ардчилал ба хүний эрхийг хамгаалахын тулд түүхээ санан дурсахын чухлыг ухамсарлаж чадна.

Судалгааны асуулт: Зөвлөлт/Оросын улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд хэрхэн явагдаж, өнөөгийн Монголын нийгэмд хэрхэн дурсагдаж байна вэ?

Зорилго:
• Хэлмэгдүүлэлтийн түүхэн туршлага, хэрэгжилтийн механизмийг шинжлэх
• 1990 оноос хойш энэ талаарх дурсамж, ойлголт хэрхэн өөрчлөгдсөнийг судлах
• Дурсамжийг өнөөгийн ардчилал, иргэний оролцоотой холбон тайлбарлах

Хорьдугаар зуунд Монгол Улс түүхэндээ улс төрийн сүйрлийн хамгийн хүнд үеүүдийн нэгийг туулсан юм. 1930–1940-өөд оны Зөвлөлтийн оролцоотой болсон “Их хэлмэгдүүлэлт” хэмээн нэрлэгддэг энэ үйл явдал хэдэн арван мянган хүний амийг аван одож, Буддизмыг соёл, оюун санааны сууриар нь арчин хаяж, олон нийтийг сэтгэлзүйн болоод нийгмийн хувьд шархлуулсан юм. Гэвч социалист дэглэмийн дор бараг хагас зууны турш энэхүү эмгэнэлт түүхийг нуун дарагдуулж, үгүйсгэж, эсвэл гуйвуулж ирсэн. Зөвхөн 1990 оны ардчилсан хувьсгалын дараа л Монголын нийгэм хэлмэгдүүлэлтийн талаар нээлттэй ярьж, хохирогчдыг хүндэтгэн дурсаж, түүний утга учрыг эргэцүүлэн бодож эхэлсэн. Зарим судлаачид үүнийг геноцид хэмээн үздэг бөгөөд “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэх нэр томьёо хэтэрхий өнгөц гэж үздэг.

1930-аад оны хавчлагын олон улсын нөхцөл байдал

1930-аад оны эхэн үед Зөвлөлт–Японы харилцааны хурцадмал байдал Монголыг стратегийн чухал халхавч бүс болгож, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс (ЗСБНХУ)-ын хяналтыг чангатгаж, улс төрийн цэвэрлэгээг хэрэгжүүлэхэд хүргэсэн. Үүний хамгийн тод жишээ нь 1933 онд болсон Лхүмбийн хэрэг болон 1937 онд болсон Гэндэн–Дэмидийн хэрэг бөгөөд эдгээр үйл явдал нь Монголыг Японд алдвал Зөвлөлтийн Азийн нөлөөний бүс бүхэлдээ ил болох эрсдэлээс үүдэлтэй байв.

Түүхч Д. Өлзийбаатарын үзсэнээр хэлмэгдүүлэлтийн шалтгаанд нөлөөлсөн Монголын дотоодын хэд хэдэн хүчин зүйл байв:

  • Дотоодын түвшинд Монголын удирдагчдын бие даасан бодлого, үйл ажиллагаа Коминтерний заавартай хүчтэй зөрчилдөж байсан.
  • Мөн Монголын асуудлыг хоёр хөрш орны хоорондын дипломат тохиролцоогоор шийддэг байсан.
  • 1930-аад онд лам нарыг онилсон гол зорилго нь Монгол ардын оюун санааны нэгдлийг устгах явдал байв.

Хавчлагын хүрээ

Хавчлагын үеэр нийт 31,652 хүн хохирсон бөгөөд үүний 18,775 нь лам нар байсан нь хохирогчдын бараг 60%-ийг эзэлж байна. Энэ нь тухайн үед Монголын нийт ойролцоогоор 800,000 хүний 13% д тэнцэж байв.

Хавчлагын механизм Монгол дахь хавчлага нь ЗСБНХУ-аас албадан тавьсан загвараар хэрэгжсэн: Дотоод явдлын яамны албан хаагчдын бараг 70% нь Зөвлөлтийн ажилтнууд байсан бөгөөд Москвагаас итгэлтэй Монгол кадруудыг сургаж бэлтгэж байв. Дотоодын удирдагчид сонголт багатай байсан тул айдаст автан тэрхүү бодлогыг хэрэгжүүлдэг байв.

Чимээгүй байдал ба амьд үлдэх стратеги

Хавчлагын үед шүүх ажиллагаа нууц, булшнууд далдлагдсан байсан. Гэр бүлүүд айснаасаа чимээгүй байж, энэ дасан зохицох арга барилаа үе дамжуулжээ. Энэ нь миний хувийн түүхтэй холбоотой: Миний өвөө лам байсан бөгөөд Сталины цэвэрлэгээнд баригдсан боловч оргон зугтаж чадсан бөгөөд, насан туршдаа өнгөрсөн түүхээ нууцалж, шашнаа зөвхөн шөнөөр үйлдэж байжээ. Энэ түүхийг би хожим өөрийн буурай эмээгээсээ сонссон билээ. Энэ хүртэл ихэд нууцалж болгоомжилж ирсэн байв. Энэ түүх нь Монгол даяар олон гэр бүлд хавчлага, хэлмэгдүүлэлт хэрхэн хүчээр нам чимээгүйрүү түлхсэнийг харуулж, дурсамжууд нууцлагдан хадгалагдсан болохыг илтгэнэ.

1990 оноос хойших дурсамж

Ардчилсан хувьсгал олон нийтэд өнгөрсөн үйл явдлыг дурсах боломжийг нээсэн боловч, дурсамж нь одоо ч хэсэгчлэгдсэн, маргаантай хэвээр байна. Улсын комисс байгуулагдаж, 1996 онд Засгийн газар албан ёсны уучлал хүсч, 9 дүгээр сарын 10-ныг Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон зарласан. 31,000 гаруй хохирогчийг цагаатгаж, 200 гаруй дурсгалын цогцолборыг байгуулсан. Зарим газрууд, жишээ нь Хамбын овоо, олон нийтэд ил харагддаг бол, бусад нь мартагдсан хэвээр байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь дурсамжийг хадгалах гол төрийн байгууллага байсаар ирсэн. Тус комисс хэлмэгдүүлэлтийн хэрэг явдлыг судалж, хохирогчдыг цагаатгаж, үндэсний мэдээллийг цуглуулж, жил бүрийн дурсамжийн арга хэмжээг, түүн дотор буддын шашны зан үйлийг дэмжин зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагаагаараа өнгөрсөн үеийн тэрхүү шударга бус явдлын талаарх олон нийтийн мэдлэгийг сэргээн хадгалахад хувь нэмэр оруулдаг.

Орчин үеийн дурсамжийн улс төр

Өнөөдөр Хамбын овоо болон Улаанбаатарын төвд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөө хэмээх гол дурсгалд төрийн арга хэмжээнүүд жил бүр зохион байгуулагддаг. Иргэний нийгэм—ТББ, сургуулиуд, нийгмийн сүлжээний контент бүтээгчид—мөн хэлмэгдүүлэлтийн дурсамжийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Миний явуулсан цахим судалгаанд 20 гаруй оролцогч оролцсон бөгөөд “Дотоодын эсвэл Зөвлөлтийн хариуцлага” гэсэн маргаанууд үргэлжилж байгааг харуулж, дурсамж нь хэсэгчлэгдсэн ч идэвхтэй байгааг нотолсон юм.

Кейс судалгаа: Хамбын овоо Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хамбын овоо нь хэлмэгдүүлэлтийн дурсамжийн гол цэг юм. Анх овоо бүхий шашны ариун газар байсан бол 1937–1939 оны цэвэрлэгээний үеэр олныг цаазласан газар болжээ. 2003 онд барилгын ажлын үеэр санамсаргүйгээр олон яс илрүүлсэн бөгөөд тус газраас 575 хохирогчийн яс олдсон, олон нь толгой руу нь буудсан байдалтай байжээ. 1990 оноос хойш энд 9 дүгээр сарын 10-нд дурсгалын ёслолууд зохион байгуулагдсаар ирсэн ч, тогтмол бус байна. Харин Засгийн газрын ордны ойролцоо байрлах төв дурсгалын хөшөөнд жил бүрийн ёслолыг тогтмол явуулдаг тул хамгийн тогтвортой албан ёсны дурсамжийн цэг болж байна. Хамбын овоо нь Монголд дурсамжийг хадгалахын хүч ба эмзэг байдлыг тодотгож, зарим газрууд бэлгэдлийн ач холбогдолтой болхоор 200 гаруй хэлмэгдүүлэлтийн дурсгалын газрын ихэнх нь мартагдсан хэвээр байгааг харуулж байна.

Дурсамж ба геополитик

Орос Украины дайн Монголчуудын хараат байдлаас айх айдсыг сэргээж, тусгаар тогтнолын талаарх маргааныг дахин идэвхжүүлэв. Идэвхтнүүд, эрдэмтэд Сталины үеийн хавчлага ба өнөөгийн Оросын довтолгооныг харьцуулан дурсамжийг ардчиллыг хамгаалах ба эрх мэдэл хэт төвлөрөх эрсдлээс сэргийлэх хэрэгсэл болгож байна. Иргэний нийгэм энэ дурсамжийг нээлттэйгээр илэрхийлдэг бол засгийн газрын зүгээс Оростой холбоотой төр эдийн засгийн шалтгаанаар болгоомжтой ханддаг нь олон нийтийн төвшинд колончлолыг халах оролдлого болон албан ёсны дипломат ажиллагаа хоорондын зөрчил буйг  илэрхийлж байна.

ТББ, идэвхтнүүдийн үзэл баримтлал

ТББ, идэвхтнүүд дурсамжийг шударга ёс, энх тайван тогтоох, ардчиллыг бэхжүүлэх чухал хэрэгсэл хэмээн үздэг. Тухайн үйл явдлаас үүдэлтэй айдас, үе дамжсан сэтгэл зүйн шархыг онцолж, нээлттэй хэлэлцэх нь олон нийтийг анагаах, иргэний ухамсрыг бэхжүүлэхэд тусалдаг гэж олонх үздэг. Хэдийгээр дурсамж ихэвчлэн хэсэгчлэгдсэн байдаг ч иргэний нийгмийн байгууллагууд, сургууль, контент бүтээгчид болон бусад идэвхтэй оролцогч талууд энэ бараан түүхийг амьд хэвээр хадгалсаар байна. Зарим эсэргүүцэл бий—миний судалгаанд оролцогчдын зарим нь эдгээр асуудлыг хөндөх шаардлагатай эсэхт эргэлзэж байлаа—гэхдээ олонх нь дурсамжийг хадгална гэдэг бол ардчилсан нийгмийн үүрэг бөгөөд онцлог гэдгийг онцолсон.

Жишээ дурдвал тухайн үед хэлмэгдүүлэлтийг гүйцэтгэж байсан албан тушаалтнууд хэргийг нууцлах зорилгоор хоригдосдыг 10 жилийн яалаа эдлэснийхээ дараа суллагдахаас нь өмнө амийг нь хөнөөж байсан тухай гэрчилсэн байдаг.

Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбоо

Холбооны мэдээлснээр, хохирогчид ба тэдний гэр бүл сэтгэл зүйн гүн шархыг тээж явсаар байгаа, хэзээ ч бүрэн эдгэрэхгүй. Олон хүн насан туршдаа айдастай амьдарч, олон нийтийн арга хэмжээнээс зайлсхийж, хавчлага мөрдлөгө өөрсдөд нь эсвэл үр хүүхдүүдэд нь дахин тохиолдохвий гэж байнга санаа нь зовдог. Тус Холбоо нь ойролцоогоор тэдгээр гэр бүлүүдийн 90% нь одоо ч энэ айдсыг мэдэрч байгаа гэдгийг онцолсон.

Хэлмэгдэгсдийн Үр Хүүхдүүдийн Нэгдсэн Холбооны2016 оны нэгэн жагсаалын үеэрх уриа лоозонгоос дурдвал: 20,000 Монголоо буудаж нууцаар <<СССР-ийн НКВД-гийн гавьяат >> болсон Чойбалсанд хөшөө байх ёстой юу? Хэмээн асуухын зэрэгцээ тэд цагаатгагдсан хохирогчдод нэр төр, нөхөн олговрыг шаардаж, хуурамч баривчилгаа, цааз, эд хөрөнгө хураалт, гэр бүл үе удамд нь учруулсан ядуурал, боловсролын хүртээмжгүй байдал зэрэг удаан хугацааны хохирлыг барагдуулахыг шаардсаар байна.

Дүгнэлт

Хэлмэгдүүлэлтийн түүхийг санан дурсах нь Монголын нийгмийг бүрэлдүүлсэн эмзэг хүчин зүйлсийг ойлгоход болон энэ нь өнөөдөр ч хэрхэн нөлөөлсөөр байгааг ухамсарлахад чухал ач холбогдолтой. ОХУ-ын Украинд явуулж буй дайн энэхүү түүхийн ач холбогдлыг дахин сануулж, идэвхтнүүд болон судлаачид Зөвлөлтийн ноёрхол болон өнөөгийн их гүрнүүдийн шахалт, нөлөөллийн хоорондын ижил төстэй шинжийг харьцуулан авч үзхэд хүргэж байна. Ийнхүү түүхэн дурсамж нь колоничлолоос ангид байх, болон тусгаар тогтнол, ардчиллын тухай сэвдүүдтэй нягт уялдаж, соёлын зан үйл, дурсгалын арга хэмжээнүүд нь Польшийн Катин, ОХУ-ын Бутово зэрэг хэлмэгдүүлэлт хүчирхийллийн цэг болсон газруудыг дурсамжийн орон зай болгов. Эдгээр түүхэн дурсамжтай ухамсартайгаар харилцах нь ардчиллыг бэхжүүлж, Монгол Улсын ирээдүйг хамгаалах чухал суурь, баталгаа болох юм. Хэрэв хууль дээдлэх ёс болон хүний эрхийг тууштай сахин хамгаалахгүй бол ийм эмгэнэлт үйл явдал дахин давтагдах аюултай бөгөөд бүр өөрсдийн маань гараар ч үйлдэгдэж болзошгүйг бид үүнээс харж болно.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.