Дүрвэгчийн эрх

Сая сая дүрвэгсэд түүхийн турш дүрвэгсдийн эрхийн хамгаалал, олон улсын дэмжлэгийн үр шимийг хүртсээр ирсэн. Тэдгээр хүмүүсийн амь нас олон улсын хамгааллын тогтолцооны ачаар аврагдсан тул үүнд гүн талархалтай байдаг.  Дэлхийн 2-р дайны дараа дэлхийн улс орнууд дүрвэгсдэд үндсэн эрх олгохоор зөвшилцөж байжээ. Үүнийг дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенцод тусгаж өгсөн байдаг.

    Тэгвэл тус конвенц ямар эрх олгов? Үүнд тусгасан хамгийн чухал зарчим бол зөрчил мөргөлдөөн, хавчлагад өртөх эрсдэлтэй тохиолдолд дүрвэгчийг эх орон луу нь буцаан явуулахгүй байх “non-refoulement” буюу “дүрвэгчийг буцаан олгохгүй байх зарчим” юм. Дүрвэгсэд хил давсныхаа дараа өөр улсад аюулгүй байх эрхтэй. Энэ эрх нь зөвхөн бие махбодын аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй.

    Хууль ёсны оршин суух эрхтэй ямар ч гадаадын иргэнтэй адилхан эрх, үндсэн тусламжийг дүрвэгсэд авах хэрэгтэй. Үүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шилжин суурьших эрх мөн эрүү шүүлт, гутаан доромжлолоос ангид байх зэрэг эрхүүд багтана.  Дүрвэгсдийн тухай конвенц нь хүлээн авагч улс дахь нийгэм, эдийн засгийн эрхийг мөн олгодог. Үүнд хөдөлмөрлөх, боловсрол эзэмших, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг эрх багтана.

    Тэдний зарим нь нөхцөл байдал эргэн аюулгүй болсон тохиолдолд эх орондоо буцах боломжтой. Буцаж чадаагүй хүмүүс дүрвэсэн улсдаа үлддэг. Тэд хүлээн авагч улсдаа нийгэмшиж, үргэлжлүүлэн амьдрах боломжтой. Мөн тэд хэл сурч, сургуульд суралцаж, ажилд орж, зарим тохиолдолд бүр тухайн орныхоо иргэн болдог.     Нөхцөл байдлаас шалтгаалаад зарим дүрвэгсдийг гуравдагч улс руу шилжүүлэх үйл явцын дагуу анхны орогнол авсан улсаас өөр улс руу шилжүүлж болно.  НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон хүлээн авагч улс нь гуравдагч улс руу шилжүүлсэн дүрвэгсдийг маш нарийн сонгон шалгаруулалтад оруулдаг байна.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.