Оросын биополитикийн нөлөө Монголын хүний эрхийн байгууллагуудад

Дайны эсрэг Оросын үл үзэгдэх цагаачид” олон улсын бага хурал

Польш улсын Варшав хотод

Нямдоржийн Золзаяа

2024.03.15

Энэ өдрийн мэнд.

Өнөөдөр би Оросын биополитик Монголын хүний эрхийн байгууллагуудад хэрхэн нөлөөлж буй талаар илтгэл тавих болно.

Түүхэн сурвалж – 1689, 1727 онуудад байгуулсан хэлэлцээрээр Буриадын нутаг дэвсгэр, ард түмэн Оростой албан ёсоор нэгдсэн. 20-р зууны эхэн үеэс 1919 он хүртэл  Буриадууд Монгол руу үе үе шилжин суурьшиж, 2022 онд дахин нүүдэллэжээ.

Монгол дахь буриад цагаачдын эрх зүйн байдал болон хүний эрх, Дэлхийн монголчууд гэгдэх гадаадад байгаа монгол угсаатнуудад Монгол улсад албан ёсны эрх зүйн зохицуулалт байхгүй. Дэлхийн Монголчуудад зориулсан төрийн хөтөлбөрүүд, соёлын солилцоо бий. Би өмнө дурдсанчлан Монголд 3 сая монгол хүн амьдардаг ч дэлхий дээр нийт 10 гаруй сая монголчууд амьдарч, зургаан сая нь Хятадад, нэг сая нь ОХУ-д амьдарч байна.

Гадаадад дахь уугуул монгол үндэстнүүд Монголд байгаа гадаадын иргэдтэй адилханд тооцогддог бөгөөд энэ нь эргээд виз авахад хүндрэл учруулдаг. “Монгол улсын гадаадын иргэн харъяатын тухай” хуулийн дагуу байнгын оршин суугчдын тоо 0.5 хувиар нэмэгдэж тэдгээрийн дотор монгол үндэстэн 0.17 хувийг эзэлж байна.

Хүний эрхийн тухай олон улсын хэлэлцээрүүдээс Монгол Улс 1951 оны НҮБ-ын Дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй. Бидний хангаж чадах цорын ганц юм бол тэднийг гуравдагч улс руу аюулгүй явуулж, албадан нүүлгэхгүй байх юм.

2002 онд Монгол улс “Олон улсын гэрээ эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д гарын үсэг зурсан. Энэ нь Монгол дахь хүний эрхийн байгууллагуудын хувьд төр засагт шаардлага тавигдах гол конвенц юм. Энэхүү конвенцод эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй гэж заасан байдаг.

Дайны эсрэг тэмцэгч, хүний эрхийн тэмцэгч Халимгаас гаралтай Б нь Казахстанд байх үедээ паспортын хугацаа нь дууссанаар Оросуудаас зугтаж Монголд ирсэн. Өөрийгөө угсааны хувьд монгол гэж үзэж байгаа тул Монгол түүнд тусална гэж найджээ. Гэвч Монголын эрх баригчид гадаад паспортынх нь хугацаа дууссантай хилээр нэвтрүүлсэнгүй. Ингээд онгоцны буудал дээр хэд хонов. Үүнийг сонссон ТББ-ынхан, сайн дурын ажилчид түүнийг гуравдагч улс руу явуулахад нь тусалсан. Монгол угсаатныг хүлээн авах бодлого Монголд хэрэгтэй байгааг тэрээр дурдав. Гадаад паспортын хугацаа дууссан, гадаад паспортгүй байгаа хүмүүс манай ТББ, Дэлхийн Монгол Холбоотой холбогдож, тусламж хүссэн тохиолдол ч гарч байсан. 2022.09.21-нд Буриадууд Монголд орж ирж эхэлсэн. Өдөрт 200-800 орчим байсан бол тэр оны долоодугаар сарын сүүлчээр энэ тоо 56’000 болжээ. Монголын нийгэмд эгзэгтэй туршлага болсон. Засгийн газрын Орос Украины дайнтай холбоотой байр суурь нь түдгэлзсэн ч дайнаас зугтаж ирсэн цагаачдын хувьд энэ нь уян хатан байдал байв. НҮБ-ын Хүний эрхийн комисс, Монголын Эмнести Интернэшнл зэрэг олон улсын ТББ-ын хувьд цагаачдын нөхцөл байдлыг бүхэлд нь ажиглаж байсан. Яг ийнхүү нөхцөлд байдалд зориулж байгуулагдсан байгууллага байгаагүй ч гэсэн  дотоодын ТББ болон сайн дурын бүлгүүд илүү хурдан арга хэмжээ авчээ. Монголчууд Буриадуудыг “Алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий” гэдэг билээ.

Байр суурь: Монгол улс ардчилсан улс ч гэлээ геополитикийн байршлаас үүдэлтэй Орос, Хятадтай хамааралтай асуудалд төвийг сахидаг. Гадаадын иргэн, харьяатын газар тэдэнд түр оршин суух зөвшөөрөл олгож, ихэнх нь оюутны визтэйгээ үлджээ. Түүнчлэн COVID-н тухай хуулийн зохицуулалтын дагуу аяллын визийг сунгаж байсан.

Нөгөөтээгүүр, улс төр судлаачид Засгийн газарт ТББ-уудад таатай орчин бүрдүүлэхийг  санал болгож, ажил үүрэгт нь идэвхтэй оролцохыг уриалж, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэхийг санал болгосон ч энэ нь хэрэгжээгүй. Энэхүү дайны үеэр хүний эрхийг дэмжиж, ардчилсан улс гэдгээ олон улсад үзүүлэх нь чухал болохыг судлаачид онцлов. ТББ-уудын байр суурь бол албадан гаргахгүй, ялгаварлан гадуурхахгүй юм. Зарим ТББ–ууд цагаачдыг дүрвэгсэд гэж үзэж байгаа. Монгол дахь ТББ/ИНБ-ын төрлүүд гэвэл:

  • Сайн дурын бүлэг – Монголчууддаа туслах сайн дурын бүлэг;
  • Иргэний хөдөлгөөн – Дайнгүй, нэг үндэстэн бодол;
  • Монгол үндэстний төлөө ажилладаг ТББ-ууд – Дэлхийн Монгол Холбоо;
  • Буриадын соёлын нийгэмлэгүүд – Буриадын соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан;
  • Олон улсын хүний эрхийн байгууллага – НҮБ-ын Хүний эрхийн комисс, Монголын Эмнести Интернэшнл;
  • Цагаачдын удирдаж, байгуулсан байгууллага – Буриад төв;

Үйл ажиллагаа:

  • Networking event, аялал;
  • Вэбсайт болон групп чат үүсгэх;
  • Сурталчилгаа хийх;
  • Ажлын байр үүсгэх;
  • Хяналт, дүн шинжилгээ хийх;
  • Монгол хэл заах;
  • Тэтгэлэг зарлах г.м.

            Гол бэрхшээл бол виз гаргах, байр олох, ажил эрхлэлт, хэлний бэрхшээл билээ. Визний тухайд – зарим ТББ эсвэл сайн дурын ажилчид засгийн газарт захидал, урилга бичиж, визний зөвлөгөө өгч, хүсэлт гаргах зэргээр тусалж байгаа. Зарим сайн дурын ажилчид үнэ төлбөргүй байраар хангаж, зарим нь Буриад төвийн оффист (жижиг өрөөнд) хонож байв. ТББ-ууд тэднийг аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын байртай болгохын тулд Монгол дахь нээлттэй ажлын өдөрлөгүүдэд оролцож байв. Ажлын эрхлэлтийн гол бэрхшээл нь гадаадын иргэдийг ажилд авахад өндөр татварын хувийг төлдөг. Энэ нь Монгол иргэнээс бараг 3 дахин их юм. Үүнээс болж хууль бусаар ажиллаж эхэлж цалингаа авч чадахгүйд хүрчээ. Буриад төвийн мэдээллээр 2023 онд 472 адил тохиолдол бүртгэгдсэн. Монголд ирж буй буриадуудын дийлэнх нь монгол хэлээр ярьдаггүй ч буриад хэл мэддэг зарим хүмүүст монгол хэлийг сурах нь амархан байв. Сайн дурын бүлгүүд сүүлийн хоёр жилд монгол угсаатнуудад хэлийг үнэ төлбөргүй сурахад нь тусалж байгаа ч хүн хүч, санхүүгийн дэмжлэг дутмаг улмаас үргэлжлүүлэхэд хэцүү болжээ. Зохион байгуулагч нь урт хугацаагаар үргэлжлүүлж чадахгүйд санаа зовж байгаагаа илэрхийлэв. Буриадуудтай ажилладаг ТББ-уудын тулгарсан бэрхшээл бол нүүдлийн эхэн үед болсон нэгэн тохиолдол байв. Нэгэн согтуу буриад хамтаа ууж байсан монгол хүний амийг нь хөнөөж олон нийтийг айдаст автагдуулжээ. Буриадууд энэ мэдээнд шуурхай арга хэмжээ авч, үүнтэй адилхан явдлыг урьдчилан сэргийлэхийн тулд паб-уудад эргүүл хийж, олон нийтийн сүлжээгээр аян эхлүүлэв. Шилжилт хөдөлгөөний үр дагаврыг шийдвэрлэх арга зам: Буриадууд амьжиргаагаа залгуулахын тулд Монголд бизнес эрхлэх шаардлагатай болсон тул “Монгол карт” хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнийг Оросын иргэн монгол угсаатай халимаг хүн санаачилсан. Энэхүү хуулийн төслийн зорилго нь Монгол үндэстнүүдэд (ялангуяа хуучин ЗХУ-ын монголчууд) Монгол Улсын иргэнтэй адил иргэний үнэмлэх, эрх зүйн статусыг олгох юм. “Монгол карт” шинээр бодож олсон төсөл биш гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд хүн амын бодлого хэрэгтэй байгааг онцолж, эх орондоо буцаад нэгтгэх тухай хуулийг хэлэлцэж байсан. Түүний уриалгын дагуу 2013 онд нэрт дуучин Самандын Жавхлан Монгол үндэстнийг соёл урлагаар нэгтгэх зорилготой “Хамаг Монгол” урлаг, соёлын төслийг эхлүүлсэн байдаг. Үүнд 2016 онд хүний эрхийг идэвхтэн, сэтгүүлч Чулуундоржийн Мөнхбаяр “Эх орондоо нэгдэх тухай” хуулийг өргөн барих санал гаргажээ. Энэхүү асуудал үе үе дахин дурдагдсан ч хэрэгжээгүй. Иймээр Монгол карт өөрийн гэсэн удам угсаатай юм. Өмнөх хувилбаруудтай харьцуулахад илүү нарийн төсөл хэрэгжүүлэх боломжтойг харуулж байна.

Оросын дайны дайчилгаа, дайны эсрэг нүүдлийн үр дүнд Монголын ТББ-ууд ийнхүү арга хэмжээг зохион байгуулах чадавхыг бүрдүүлж эхэлсэн. Цаашид Монгол Улсад монгол угсаа гаралтай хүнийг хүлээн авч, хоёр хөршөөсөө хүний эрхийг хамгаалж  дэмжих хэрэгтэй байна. Нэмж дурдахад бидэнд олон нийтийн мэдлэг түгээх, олон улсын тусламж, хамтын ажиллагаа хэрэгтэй болно. Эцэст нь хэлэхэд би та бүхнийг Оросоос дайны эсрэг зугтаж ирсэн цагаач, дүрвэгсдэд туслахын тулд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Баярлалаа!

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.