Дэлхийн өнцөг булан бүрт зөрчил мөргөлдөөн, дайн тулаан үргэлжилж буй энэ цаг үед хүн амьдрал дээр ирдэг хамгийн шударга бус байдлын нэг бол хүүхэд “дүрвэгч” хэмээх статустай төрдөг явдал юм. “Дүрвэгч” статустай эдгээр хүүхдүүд өөрсдийн сонголтоос үл хамааран, төрсөн цагаасаа эхлэн улс орны хамгаалалт, иргэний баримт бичиг болон хуулийн тодорхой статусгүй байх эрсдэлд өртдөг. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар (ДАЭДКГ)-ын тооцоогоор 2018 2024 оны хооронд нийт 2.4 сая хүүхэд дүрвэгч статустай төржээ. Энэ нь жилд дунджаар 338,000 хүүхдүүд юм. Албадан нүүлгэн шилжүүлэлтэнд өртсөн хүмүүсийн тоо 2024 оны эцэст 123.2 сая хүрсэн бол түүнээс 40 хувь буюу 49 сая орчим нь насанд хүрээгүй хүүхдүүд байдаг ба дэлхийн нийт хүн амын 29 хувийг эзэлдэг.
Олон улсын хэмжээнд хэд хэдэн бүс нутаг дүрвэгч хүүхдийн хамгийн өндөр төрөлттэй газар болоод байна. Тухайлбал, иргэний дайнаас үүдэн Судан дахь нүүлгэн шилжүүлэлтийн хямрал дэлхийд хамгийн том хэмжээнд хүрч,14.3 сая хүн нутгаасаа дүрвэсэн нь нийт хүн амынх нь гуравны нэгтэй тэнцэнэ. Талибаны дэглэм тогтсоноос хойш улс төрийн хавчлагад өртсөн Афганистан болон олон жилийн иргэний дайнтай Сири улсууд дэлхийн нийт дүрвэгч хүүхдийн бараг тал хувийг бүрдүүлж байна. Тэгвэл Газын зурваст Израиль-Хамасын мөргөлдөөнөөс болж 1.4 сая хүн албадан нүүлгэн шилжүүлэгдэв. Эдгээр бүс нутагт үргэлжилж буй дайн, улс төрийн хавчлага нь хүүхдүүдийг ямар ч сонголтгүйгээр дүрвэгч статустай болгодог нийтлэг шалтгаан болж байна.
Тэгвэл эдгээр хүүхдүүд ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? Төрсний гэрчилгээгүйн улмаас боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүртэх боломжгүй болж байгаа нь хамгийн том асуудал юм. ДАЭДКГ-ын 2024 оны боловсролын тайлангаар сургуулийн насны дүрвэгч хүүхдүүдийн бараг тал хувь буюу 7.2 сая хүүхэд боловсрол эзэмших боломжгүй байгаа нь тогтоогджээ. Харьяалалгүй байдал нь үеэс үед уламжлагддаг тул эдгээр хүүхдүүд насан туршдаа хүний наймаа, албадлагын хөдөлмөр мөн хүчээр гэрлүүлэх зэрэг мөлжлөгийн эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг.
Түүнчлэн албан ёсны бичиг баримтгүйн улмаас тэд хууль ёсны дагуу хил гарах, ажил эрхлэх, банкны үйлчилгээ авах боломжгүй бөгөөд энэ нь тэднийг насанд хүрсэн ч эрх зүйн хамгаалалтгүй үлдээх хэвээр юм.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй арга хэмжээ авч байна. 2018 оны 12 дугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ДАЭДКГ ын удирдсан хэлэлцүүлгийн үр дүнд Глобал дүрвэгчдийн гэрээг баталсан билээ. Гэрээнд дүрвэгчдийн нөхцөл байдалд тогтвортой шийдэл олоход олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг онцолсон чухал баримт бичиг болов. Тийнхүү ДАЭДКГ болон гишүүн улс орнууд төрсний гэрчилгээ олгох үйл явцыг сайжруулах, иргэншлийн хуулиудад шинэчлэл хийх, дүрвэгч хүүхдүүдийг орон нутгийн сургуульд хамруулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Хүүхэд бүрийн эрх, ирээдүй нь хамгаалагдах ёстой гэх зарчим дэлхийн улс орнуудыг нэгтгэх хүч болох юм.
