Хүүгийнхээ төлөө үлдсэн ээж
БНСУ-ын Сөүл хотод амьдарч буй Хойд Солонгосын дүрвэгч Гымсоны түүхийн талаарх BBC агентлагын нийтэлсэн мэдээ олны анхаарлыг татав. Тэрээр 2019 онд дөнгөж арван настай байхдаа Өмнөд Солонгост ганцаар хүрч ирсэн юм. Гымсоны ээж хүүгийнхээ зугтаж явах замын зардлыг гаргахын тулд БНХАУ-ын иргэнтэй гэрлэж, тийнхүү Хятад Улсад үлдсэн бөгөөд хүү нь Өмнөд Солонгост суурьшсаны дараа жил гаруй хугацаанд ээжийнхээ талаар ямар ч мэдээ олж сонсоогүй байна. Хожим зуучлагчаар дамжуулан холбогдох боломж гарч, ээж хүү хоёр анх удаа чөлөөтэй ярих боломж олдсон ч энэ аз жаргал нь удаан үргэлжилсэнгүй. Өмнөд Солонгос руу явахаар оролдсон ээж нь Хятадын эрх баригчдад баригдаж, шоронд хоригдоод нэг жил гаруй болжээ. Одоо тэрээр Хойд Солонгост албадан буцаагдах эрсдэлд ороод байна. Гымсоны ээжийн хувь тавилан бол Хойд Солонгосыг орхин гарсан олон мянган хүний туулдаг зовлонгийн нэг дүрслэл юм.
БНСУ-ын Нэгдлийн яамны мэдээллээр цар тахлын өмнө, жил бүр мянга гаруй хүн Хойд Солонгосоос зугтаж Өмнөд Солонгост суурьшиж байсан бол ковидын үеийн хатуу хяналтын улмаас тоо нь эрс буурч хамгийн доод цэгтээ хүрсэн. Одоо жилд дунджаар 200 орчим хүн Өмнөд Солонгост дүрвэгчээр бүртгэгдэж байна. Түүнчлэн “Хойд Солонгос-Хятадын хил хаалттай хэвээр байгаа бөгөөд шууд гарц байхгүй тул дүрвэгчид Хятад, Лаос, Тайланд зэрэг орнуудаар дамжин урт замыг туулсны эцэст Өмнөд Солонгост хүрдэг. Тиймээс сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост бүртгэгдэж буй дүрвэгчдийн ихэнх нь гуравдагч оронд удаан хугацаагаар байсан хүмүүс байдаг” гэж БНСУ-ын Нэгдлийн яам мэдээллэжээ.
Хойд Солонгосоос гарах шууд зам байхгүй тул дүрвэгчид Хятадын хилийг нууцаар давах нь асар том эрсдлийг дагуулдаг. Хятад Улс 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай[GU1] конвенц болон 1967 оны Протоколд нэгдэн орсон боловч Хойд Солонгосчуудыг дүрвэгч гэж хүлээн зөвшөөрдөггүй, харин хууль бусаар хил давсан эдийн засгийн цагаач гэж үздэг бөгөөд тэднийг шууд эх оронд нь албадан гаргадаг. НҮБ-ын Мөрдөн шалгах комиссын[GU2] 2014 оны тайланд Хятадын албадан буцаах бодлого нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн нэг хэлбэр байж болзошгүй гэсэн бөгөөд Хятад Улс 1984 оны Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн гишүүний хувьд хэн нэгнийг хавчлага, эрүүдэн шүүлтэд өртөх бодит эрсдэлтэй нутаг руу нь буцаахыг хориглосон байдаг. НҮБ-ын хүний эрхийн байгууллагууд энэхүү “үл буцаах зарчим” (non-refoulement)-ыг чанд баримтлахыг Хятадад удаа дараа шаардаж ирсэн ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа болно.
Хятад руу гарсан дүрвэгчдийн дийлэнх буюу 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний амьдрал их бэрхшээлтэй байдаг. Гымсоны ээж шиг олон эмэгтэйчүүд Хятад эрчүүдтэй гэрлэж, ямар ч хууль ёсны статусгүйгээр байнгын цагдаагийн хяналтан доор амьдардаг. Баримт бичиггүй, иргэний эрх эдлэх боломжгүй учир гэр бүлийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн ч хаана ч хандах боломжгүй бөгөөд дахин зугтаахаар оролдоод баригдвал Хойд Солонгос руу буцаагдах хамгийн том эрсдэлтэй тулгардаг байна.
Ашигласан материал:
https://www.bbc.com/news/articles/c239n93ejm8o
[GU1]Энэ нэршил Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц
[GU2]мөрдөн шалгах комисс
