Дүрвэгсдийн сэтгэл зүйн асуудал ба түүнд чиглэсэн бодлого

Дэлхий даяар албадан нүүлгэн шилжүүлэгдсэн хүний тоо 2024 онд 123.2 саяд хүрчээ. Гэвч дүрвэгч, цагаачдын асуудлыг зөвхөн хил, орон байр, хоол хүнсээр хэмжих боломжгүй юм. Эх орноо орхиход хүргэсэн дайн, хүчирхийлэл, хагацал, шинэ орчин дахь тодорхойгүй байдал нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд удаан хугацаанд үлдэх үл үзэгдэх шарх болдог.


Хүн аюултай газраас гарснаар айдас нь шууд арилдаггүй ба замд гарахаас өмнөх хавчлага, мөргөлдөөн, ядуурал; замын турш тохиох мөлжлөг, хүчирхийлэл; дүрвэн ирсэн оронд хүлээж буй ажилгүйдэл, орон байрны тогтворгүй байдал, хэлний бэрхшээл, ялгаварлан гадуурхалт зэрэг нь айдсыг ихээр нэмэгдүүлдэг. Иймээс шилжилт хөдөлгөөн бол нэг удаагийн үйл явдал бус, хүний сэтгэл зүйд үе шат бүрээр нөлөөлөх хүчин зүйл юм.


Олон дүрвэгсэд түгшүүр, нойргүйдэл, гуниг, уур уцаар, найдваргүй байдлыг мэдэрдэг. Эдгээр нь хүнд нөхцөлд үзүүлж буй хүний хэвийн хариу урвал байж болох ч хүчирхийлэл, гэр бүлийн хагацал, удаан хугацааны тодорхойгүй байдал нь сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэг, гэмтлийн дараах стресс болон амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэл, соёлын ялгаа, төлбөр, даатгал, хууль ёсны статусаасаа айх айдас, гутаан доромжлол, хаана хандахаа мэдэхгүй байх зэрэг нь дүрвэгсдэд сэтгэл зүйн тусламж авахад саад болдог. Тиймээс дүрвэгсдэд зориулсан сэтгэл заслын эмчилгээ нь тэдэнд ойлгомжтой хэлээр, тэдний соёлын онцлогт нийцсэн, итгэл төрүүлэхүйц, тасралтгүй байх ёстой. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь эмчилгээг амьдралын бодит нөхцөлтэй холбох явдал юм. Аюулгүй орон байр, хууль ёсны хамгаалалт, сурч боловсрох болон ажиллах боломж, гэр бүлтэйгээ хамт байх эрх, олон нийтийн дэмжлэг нь эмчилгээтэй адил чухал. Сүүлийн үеийн судалгаанууд бага өртөгтэй дэмжлэгээс эхэлж, шаардлагатай тохиолдолд илүү эрчимтэй тусламжид шилжүүлэх загвар үр дүнтэй байж болохыг харуулсан ч тогтворгүй амьдрах орчин хэвээр байвал дүрвэгсдэд зориулсан дэмжлэг, тусламжийн нөлөөний урт хугацааны үр нөлөө бага юм.


Өрхийн эмч, нийгмийн ажилтан, багш, цагаачлалын ажилтан зэрэг дүрвэгч, цагаачидтай өдөр тутам харилцдаг хүмүүс хямралын шинжийг эрт таньж, тохирох үйлчилгээнд холбох чадвартай байх хэрэгтэй. Үйлчилгээ нь орчуулгатай, тэдний соёлын онцлогийг хүндэтгэсэн, хүний хууль ёсны статусаас үл хамааран мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг баталгаажуулсан байх ёстой. Түүнчлэн асран хамгаалагчгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ялгаварлан гадуурхалтад илүү өртөмтгий бүлэгт нэг загварын бус, хэрэгцээнд нь тохирсон дэмжлэг шаардлагатай. Хүнийг зөвхөн оношоор бус, орон байр, ажил, гэр бүл, боловсрол, аюулгүй байдлын нөхцөлтэй нь хамтатган харж, цогцоор дэмжих үед л тусламж бодит үр дүнд хүрнэ.


Судалгааны үр дүнгээр хүн бие махбодын хувьд аюулгүй газар хүрсэн ч амьдрал нь тодорхойгүй хэвээр бол аюул дууссан мэт мэдрэмж тухайн хүнд төрдөггүй байна. Оршин суух эрхээ хүлээх, хэзээ гэр бүлтэйгээ уулзахаа мэдэхгүй байх, ажиллах зөвшөөрөлгүй удах, түр байрнаас түр байр руу шилжих нь өнгөрсөн шархыг эдгээхийн оронд өдөр бүр дахин сануулдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн хямрал зөвхөн эх оронд нь болсон үйл явдлаас бус, хүлээн авагч орон, шинэ нийгэм нь хүнийг хэр удаан тодорхойгүй байдалд байлгаж байгаагаас шалтгаалж болно.


Ялангуяа хүүхдийн хувьд сургууль бол зөвхөн хичээл үзэх газар биш ба тогтсон цагийн хуваарь, найз нөхөд, итгэж болох насанд хүрэгчид, ирээдүйгээ төсөөлөх боломж зэргийг багтаасан шинэ амьдралыг хүүхдэд бий болгодог газар юм. Харин гэр бүлээс нь салгах, байнга нүүлгэх, хэлний дэмжлэггүй орхих нь хүүхдийн айдас, ганцаардлыг гүнзгийрүүлж болзошгүй. Тиймээс хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламжийг сургуулийн орчин, гэр бүлийн нэгдэл, аюулгүй амьдрах нөхцөлөөс тусад нь авч үзэх боломжгүй.


Заримдаа хамгийн үр дүнтэй “сэтгэцийн эрүүл мэндийн тусламж” нь эмчилгээний өрөөнөөс гадуур байдаг ба гэр бүлтэйгээ хамтдаа байх боломж, ажиллах боломж, ойлгомжтой хэлээр өгсөн мэдээлэл, мэргэжлийн орчуулга, эмчилгээ тасалдахгүй байх эрүүл мэндийн бүртгэл зэргийг цогцоор шийдсэн бодлогууд нь дүрвэгсдийн амьдралд хяналт, тогтвортой байдлыг буцаан өгдөг. Ийм бодлого нь дүрвэгч, цагаачдыг зөвхөн тусламж хүртэгч бус, өөрийн чадвар, хөдөлмөр, туршлагаараа нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжтой иргэн гэж харж байгаагийн илэрхийлэл юм. Иймээс дүрвэгсэдийн сэтгэцийн эрүүл мэнд бол зөвхөн эмнэлгийн асуудал биш, хүний эрх болон нийгмийн бодлогын асуудал билээ. Байнгын айдас, тусгаарлалт, ялгаварлал, тодорхойгүй байдал эрүүл хүнийг ч өвчлүүлж чаддаг ба эцсийн дүнд дүрвэгсдийг хэрхэн хүлээн авах нь зөвхөн хил, бүртгэлийн асуудал биш — хүний нэр төр, сэтгэцийн эрүүл мэнд, нийгэмд дахин амьдралаа бүтээх боломжийг хамгаалах сонголт юм.


Нийтлэлийг бичсэн: Ч.Маралмаа-Харвард Кеннедигийн их сургууль


Ашигласан эх сурвалж:
World Health Organization. 2025. “Refugee and Migrant Mental Health.” Fact Sheet, 1 September 2025.
The Lancet Global Health. 2026. “Mental Health for Refugees.” The Lancet Global Health 14: 103974.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.