“Эрх чөлөөний жигүүр” НҮТББ ХБНГУ-ын судлаач Анна Гайнутдиноватай хамтран ажиллаж байна

“Эрх чөлөөний жигүүр” НҮТББ нь олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай түншлэлээ өргөжүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бранденбургийн Технологийн Их Сургуулийн (BTU Cottbus-Senftenberg) “Соёлын өв судлал“ хөтөлбөрийн докторант, судлаач Анна Гайнутдиновагийн Монгол Улсад хийх судалгааны ажлыг дэмжин, хамтран ажиллаж байна.


Судлаач Анна Гайнутдинова нь 7-р сараас 10-р сарын хооронд Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд түүний судалгааны гол зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч буй Буриад болон Эвэнх угсаатнуудын соёлын өв, зан үйлийг баримтжуулан судлах, мөн ОХУ-аас Монголд нүүдэллэн ирсэн түүхэн болон орчин үеийн шилжилт хөдөлгөөний давалгаа, тэдгээрийн соёлын хэлхээ холбоог нарийвчлан судлахад оршиж байна.


Тэрээр Улаанбаатар хотоос эхлэн Хэнтий аймгийн Дадал сум, Сэлэнгэ аймгийн бүс нутаг, Туул гол, Орхон голын сав газар болон Хөвсгөл нуур зэрэг түүх соёлын ач холбогдол бүхий суурьшлын бүсүүдийг хамарсан маршрутын дагуу ажиллах бөгөөд нутгийн иргэд, соёлын өв тээгчидтэй ярилцлага хийх, шууд харилцан ажиллах замаар мэдээлэл цуглуулах юм.

Энэхүү судалгааны ач холбогдол нь соёлын өв, уламжлалыг тээгч Буриад, Эвэнх ард түмний өөрсдийнх нь өнцгөөс соёлын өвийг хэрхэн ойлгож, хадгалж хамгаалж байгааг илрүүлж, соёлын олон ургальч байдлыг хууль эрх зүй, бодлогын түвшинд хэрхэн тусгаж болохыг үнэлэхэд оршиж байгаа юм. Энэ чиглэлээр мэргэшсэн судлаачийн хувьд тэрээр угсаатны зүйн нарийн харилцаа, соёлын өвөрмөц онцлогийг илүү гүн гүнзгий түвшинд нээж чадна гэсэн хүлээлттэй байна.


“Эрх чөлөөний жигүүр” НҮТББ нь олон улсын эрдэм шинжилгээний холбоо харилцаандаа тулгуурлан судлаач Аннаг орон нутгийн иргэд, идэвхтэн байгууллагууд болон соёлын өв тээгчидтэй холбох, анхны уулзалтуудыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс дахь цөөнх угсаатны соёлын өвийг олон улсад сурталчлах, улмаар тэдний соёлын эрхийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд бүрэн итгэлтэй байна.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.