АНУ- Ираны нөхцөл байдал дүрвэгсдийн асуудлыг хүндрүүлж байна

АНУ болон Иран улсуудын хоорондын харилцаа нь орчин үеийн олон улсын харилцааны хамгийн төвөгтэй, тогтворгүй сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Өнөөдөр энэхүү сөргөлдөөн нь зөвхөн хоёр орны дипломат маргааны хэмжээнд багтахаа больж, дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн том зөрчил болон хувирчээ. Ялангуяа 2024–2026 онуудад Ойрх Дорнодод өрнөсөн цэргийн мөргөлдөөн болон цөмийн хөтөлбөрийн асуудал хоёр улсын хоорондын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Өнөөгийн нөхцөл байдлыг ажиглахад АНУ болон Иран “хүйтэн дайн” маягийн сөргөлдөөнийг идэвхтэй өрнүүлж байгаа нь тодорхой харагдаж байна. Газын зурвас дахь Израиль–Хамасын дайн эхэлснээс хойш Ираны дэмжлэгтэй Хизбулла болон Хусит бүлэглэлүүд Улаан тэнгисийн олон улсын усан замд давтан дайрч, АНУ-ын ашиг сонирхолд шууд халдаж эхэлсэн нь хоёр орны хоорондын хурцадмал байдлыг нэг шат ахиулав. Нөгөө талаас Ираны уран баяжуулалтын түвшин цөмийн зэвсэг бүтээх босгонд тулж ирснийг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA) удаа дараа дохио өгч байгаа нь Вашингтонд томоохон түгшүүр төрүүлсэн асуудал болоод байна

АНУ-ын засаг захиргаа Ираныг бүс нутгийн тогтворгүй байдлыг санхүүжүүлэгч, олон улсын дэг журмыг зөрчигч орон гэж тодорхойлдог бол Тегераны зүгээс АНУ-ыг Ойрх Дорнодод хүчээр давамгайлахыг эрмэлзэгч, бүс нутгийн улсуудын тусгаар тогтнолд заналхийлж буй “гадны хүчин” хэмээн үздэг. АНУ-ын гол зорилго нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, Израил болон Персийн булангийн холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах, мөн дэлхийн худалдааны гол цөм болсон усан замыг хамгаалах явдал юм. Иран өөрийн цэргийн идэвхжил болон пуужингийн хөтөлбөрийг “Эсэргүүцлийн тэнхлэг” гэж нэрлэн, барууны нөлөөнд өртөхгүй байх тусгаар тогтнолоо хамгаалах хууль ёсны эрх хэмээн тайлбарладаг.

Энэхүү сөргөлдөөн нь олон улсын эрх зүйн тавцанд ч томоохон маргаан дагуулдаг. Талууд цэргийн цохилтоо НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд заасан “өөрийгөө хамгаалах эрх”-ийн дагуу хийсэн гэдэг бол олон улсын хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-ын тусгай илтгэгчид хоёр талын үйлдлийг олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон улсын бүрэн эрхт байдлын зарчмыг зөрчиж болзошгүйг удаа дараалан сануулж байгаа юм. Тухайлбал, Улаан тэнгис дэх хөлөг онгоцуудад хийж буй халдлагууд нь НҮБ-ын Тэнгисийн эрх зүйн конвенц (UNCLOS)-ийн 87, 90 дүгээр зүйлд заасан далайн чөлөөт зорчих эрхийг шууд зөрчиж байгаа юм.

Энэ мөргөлдөөний нөлөө зөвхөн хоёр улсад хязгаарлагдахгүй дэлхийн бусад бүх оронд хүрч байна. Эдийн засгийн хувьд дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол судас болсон Ормузын хоолой болон Улаан тэнгисийн аюулгүй байдал алдагдах нь шатахууны үнийг өсгөж, дэлхий эдийн засгийг уналтын гол шалтгаануудын нэг болж байна.

Ойрх Дорнод дахь тогтворгүй байдал, ялангуяа АНУ болон Ираны хоорондын хурцадмал сөргөлдөөн нь Ираны иргэдийн дүрвэн гарах үзэгдлийг улам эрчимжүүлсэн. Эдийн засгийн хориг арга хэмжээ, цэргийн мөргөлдөөн, улс төрийн дарлал зэрэг хүчин зүйлүүд нийлснээр олон иргэн эх орноо орхин гарахаас өөр аргагүй байдалд хүрч байна. 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр цэргийн цохилт эхэлснээс хойш ердөө хоёр долоо хоногийн дотор Ираны 3.2 сая иргэн гэр орноосоо дүрвэхэд хүрсэн бөгөөд тэдний дийлэнх нь Тегеран болон бусад томоохон хотуудаас хойд зүгийн хөдөө орон нутаг руу дотоодод нүүн шилжжээ. Европын Холбооны Хоргодох байдлын агентлаг дүрвэгсдийн урсгал “Өмнө нь хэзээ ч үзэгдэж байгаагүй хэмжээнд” хүрэх аюултайг анхааруулж байна. Үүний үр дүнд зөвхөн хөрш орнуудад төдийгүй Европын улс орнуудад ч томоохон нийгмийн болон хүмүүнлэгийн сорилт тулгарч байгаа юм.

АНУ болон Ираны харилцаа нь өнөөдрийн байдлаар олон улсын энх тайвны хамгийн эмзэг цэгүүдийн нэг хэвээр үлджээ. Хоёр улсын үргэлжилсэн сөргөлдөөн нь цаашдаа сулрахгүй бол Ойрх Дорнодыг бүхэлд нь дайнд өдөөх эрсдэлтэй. Тиймээс олон улсын нийгэмлэг, НҮБ болон зуучлагч орнуудын идэвхтэй оролцоо нь энэхүү хямралыг дипломат замаар шийдвэрлэх, аюул заналыг бууруулах цорын ганц бодит гарц юм.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.