Оросын төр засгаас цэргийн тусгай ажиллагаа болон дайчилгааны бодлого хэрэгжүүл эхэлсэн нь тус улсын хүн амын дунд томоохон сандрал үүсгэсэн бөгөөд үүний улмаас эх орноо орхин гарч, Монгол Улсыг зорин ирсэн Оросын цагаачид болон шилжин суурьшигчид нь ОХУ-ын дотоод нөхцөл байдлыг гаднаас нь шинжих бодит суурь болж байна. 2022 оны 9-р сарын сүүлээр Монгол-Оросын хилийн Алтанбулаг боомт дээр машины урт дараалал үүсжээ. Үүнийг Монгол руу явж буй жуулчдын цуваа гэж бодож байна уу? Эсрэгээрээ Оросын Холбооны Улс ба Украйны дайнаас зугтааж буй Оросууд байв. Монголын Стратегийн судалгааны хүрээлэнгийн мэдээгээр уг дайчилгаанаас хойш 10 хоногийн дотор 17,542 орос иргэн Монгол руу нэвтэрч, өдөрт 1,000 гаруй хүн хилээр гарч байлаа. Энэ нь ердийн үзүүлэлтийг 2-3 дахин давсан тоо юм. Эдгээр иргэдийн 12,156 нь цаг хугацааны явцад эх нутаг руугаа буцсан бол, үлдсэн 2,336 иргэн Монгол Улсад түр хугацаагаар суурьших эсвэл дараагийн гуравдагч улсыг зорин шилжих сонголтыг хийжээ.
Тэгвэл эдгээр цагаачлагчид Монголын хилийг зорих болсон шалтгаан нь Монгол улс ба Оросын Холбооны улс хооронд 2014 оны 9-р сарын 3-ны өдөр “Иргэд харилцан визгүй зорчих тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсантай холбоотой. Энэ нь орос иргэдэд 30 хоногийн визгүй орох боломж олгосон ба яаралтай нутгаасаа гарах шаардлагатай иргэдийн хувьд ямар ч замаар хүрч болох хамгийн ойрхон визгүй гадаад улс болгосон юм. “Mongolia Weekly” сэтгүүлийн мэдээлснээр, хил давж ирсэн хүмүүсийн дунд Буриад, Тува, Халимаг зэрэг монгол туургатан угсаатны цөөнхүүд их байсан бөгөөд тэдний хувьд Монгол улс нь түүх, соёл, хэлний хэлхээ холбоотой тул аюулгүй байдлаа хангах хамгийн ойр дотно баянбүрд гэж харагджээ. Тухайлбал, Буриадаас Алтанбулаг, Сүхбаатар, Ханхын боомтоор 10,862 иргэн, Тувагийн нутгаас Боршоо, Тэс, Арц суурийн боомтоор 5,276 иргэн нэвтэрсэн тоо баримтаар нотлогдоно.
Гэсэн хэдий ч Монгол улс 1951 оны Дүрвэгчдийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн ороогүй учраас орж ирсэн иргэдэд орогнол эрэгчдийн хуулийн статус олгох эрх зүйн тогтолцоо бүрдээгүй юм. Тиймээс эдгээр иргэдэд ажил эрхлэх зөвшөөрөл мөн эрүүл мэндийн даатгал зэрэгт хамрагдахгүй байв. гуравдагч орнууд руу гарах боломжгүйн дээр Монголд ч үлдэж чадахгүй байсан зарим хүмүүс Монголд хэлний бэлтгэлд хамрагдах мөн жилийн визинд мэдүүлэг өгөх замаар байх хугацаагаа уртасгахыг оролджээ. Засгийн газрын зүгээс орж ирсэн иргэдийн байх хугацааг 2 сар, зарим тохиолдолд 1 жил хүртэл сунгасан байна.
Оросын Холбооны Улсын иргэдийн шилжилт хөдөлгөөний огцом урсгал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт
, үр дагавруудыг дагуулсан. Нэг талаас хилийн боомт болон цагаачлалын газруудад урт дараалал үүсч, визний хугацаа сунгах хүсэлтийн тоо огцом нэмэгдснээр захиргааны ачаалал ихэссэн. Нөгөө талаас тус иргэд бэлэн мөнгөөр худалдан авалт хийж байсан нь орон нутгийн бизнест эерэгээр нөлөөлсөн. Улаанбаатарт орон байрны үнэ 30 гаруй хувиар өсч, зочид буудал, дэлгүүр, такси, хилийн тээврийн үйлчилгээний орлого мэдэгдэхүйц нэмэгдэв. Монгол Улс нь шилжилт хөдөлгөөний урсгалд зөвхөн орогнол эрэгчдийг хүлээн авагч орон төдийгүй, тэднийг гуравдагч улс руу нэвтрүүлэх дамжин өнгөрөх стратегийн чухал бүс байв. Цагаачлагчдын нэлээд хэсэг Монголоос Өмнөд Солонгос, АНУ, Герман, Туркийн чиглэлд цааш явсан. Харин Оросын Холбооны Улсаас эдийн засгийн харилцаа, ялангуяа газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байсан Монгол улс, дайны нөхцөл байдалд аль ч талд тодорхой байр суурь илэрхийлэхгүй байх бодлогоо хадгалсан. Тэгвэл Монгол улс эдгээр хүмүүсийг хуулийн хувьд хэрхэн авч үзэж байсан бэ? Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно” гэж заасан байдаг. Гэвч энэ “болно” гэдэг үг нь заавал биелүүлэх үүрэг биш тул цагаачдын эрх зүйн байдлыг тодорхойгүй үлдээж байна. Дайны зарлал гарахаас ердөө нэг сарын өмнө, 2022 оны 8-р сард Монгол улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Монгол Улсыг “тогтворгүй дэлхий дээрх энх тайвны бэлгэдэл” хэмээн нэрлэсэн нь энэхүү тэнцвэрт бодлогын хамгийн тод үнэлэлт болсон юм.

