Цагаач ажилчид хүлээн авагч орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг олон салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэж, ажиллах хүчний хомсдолыг нөхдөг. Гэвч тэдгээр гадаад улс оронд амьдарч байгаа иргэд хөдөлмөрийн мөлжлөг, зөрчилд өртсөөр ирсэн нь нууц биш. Хүн бүр хаана амьдарч, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран шударга цалин хөлс авах, аюулгүй орчинд ажиллах, нэр төрөө хамгаалуулах, хөдөлмөрийн үндсэн эрхээ эдлэх эрхтэй. Гэвч, хэлний бэрхшээл, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, эдийн засгийн хараат байдал, оршин суух зөвшөөрөл зэрэг бичиг баримтын асуудал гэх мэт хүчин зүйлс нь цагаач ажилчдыг хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөд хүргэдэг. Энэ нь зөвхөн хөдөлмөрийн харилцааны хүрээнд авч үзэх асуудал бус, харин хүний эрх, нийгмийн шударга ёс, тэгш боломжийн тухай өргөн хүрээний асуудал юм.
Хөдөлмөрийн мөлжлөг гэдэг нь ажил олгогч, зуучлагч эсвэл бусад этгээд ажилтны эмзэг нөхцөл байдлыг ашиглан түүний хөдөлмөрөөс шударга бусаар ашиг хүртэх, хууль ёсны эрхийг нь зөрчих, хөдөлмөрийн үр шимийг зохих ёсоор хүртэх боломжийг нь хязгаарлахыг хэлнэ. Хөдөлмөрийн мөлжлөг нь дараах үйлдлүүдээр илэрдэг.
Үүнд:
Цалин хөлс олгохгүй байх, саатуулах – Ажилтны гүйцэтгэсэн ажлын хөлсийг огт олгохгүй байх, эсхүл тогтоосон хугацаанд нь олгохгүй хойшлуулах.
Ажлын цаг, цалин хөлсний тогтворгүй байдал – Ажлын цаг, цалин хөлсний хэмжээ болон олголт нь урьдчилан таамаглах боломжгүй, тогтворгүй байх.
Амрах, завсарлага авах эрхийг хязгаарлах – Ажилтанд амралтын өдөр олгохгүй байх, ажлын явцад амрах, завсарлага авах боломжийг хязгаарлах.
Амьдрах орчны зохисгүй нөхцөл – Чанар муутай, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, давчуу эсхүл хэт олон хүнтэй орон байраар хангах.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгслээр дутуу хангах – Ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах стандартын шаардлага хангасан хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахгүй байх.
Хувийн бичиг баримтыг хураан авах – Ажил олгогч ажилтны паспорт, иргэний үнэмлэх болон бусад хувийн бичиг баримтыг хураан авч, буцаан өгөхгүй байх.
Сүрдүүлэх, дарамтлах, хүчирхийлэл үйлдэх – Ажилтныг заналхийлэх, айлган сүрдүүлэх, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлэх.
Өрөөр барьцаалах, албадан суутгал хийх – Ажил олгогч ажилтныг өөрт нь өртэй хэмээн үзэж, уг өрийг барагдуулах нэрийдлээр цалин хөлснөөс нь дур мэдэн суутгал хийх.
Харин Монгол Улсын гадаадын иргэдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчны тухай авч үзвэл:
Монгол Улс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрддөг. Мөн Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 болон 1957 оны Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид 2005 онд, 1997 оны “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенци, 1948 оны “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенцид тус тус нэгдэн орсон. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомжид Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхахгүй байх тухай суурь конвенцод нийцүүлэх зарчмыг баримталсан байна. Гадаадын иргэд нь дотоодын ажилтнуудтай нэгэн адил Хөдөлмөрийн тухай хуулийн хамгаалалт, зохицуулалтад хамаардаг ба Монгол ажилтнуудтай хөдөлмөрийн харилцаанд ороход тавигдах бүхий л шаардлагууд мөн гадаадын иргэнийг ажиллуулж буй байгууллагад хамаардаг.
Монгол Улсад 2026.10.15-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын 36,097 иргэн бүртгэгдсэн бөгөөд тэд ихэвчлэн хөдөө хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга, гар урлал болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байна. Тус үзүүлэлт 2025 оны 4-р улиралд 9,412 байсан нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын эрэлт нэмэгдснийг харуулж байна. 2025 онд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээ”-ний тайланд дурдсанаар 2026 онд Монгол Улсын ажиллах хүчний хомсдол 82.6 мянгад хүрнэ хэмээн тооцоолсон бөгөөд цаашид ч жил ирэх тусам нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлтийн үр дүнд гадаадаас ирэх ажилчдын урсгал нэмэгдэж үүнийг дагасан хөдөлмөрийн эрхийн зөрчил гарсаар байна.
Тухайлбал, ….. Улсын иргэн 2026 оны 5-р сард Монгол Улсын …… нутагт байрлах хөдөө аж ахуйн фермд хөдөлмөрийн гэрээний дагуу хууль ёсоор хөдөлмөр эрхлэхээр иржээ. Түүний хөдөлмөрийн гэрээнд өдөрт 10 цаг ажиллаж сарын цалин 400 ам.доллар буюу 1,436,800 төгрөг байхаар заасан ч бодит байдал өөр байв. Тэрээр өдөрт багадаа 12 цаг, гэрээн дээр долоо хоногт 1 өдөр амралтын өдөр байна хэмээн заасан ч амралтгүй ажилласан байна. Мөн тэрээр адууны мах иддэггүй байхад үргэлж адууны махаар хийсэн хоол өгдөг байсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байжээ. Тэрээр тухайн фермд ажиллаж байх хугацаандаа байнга ажил олгогчийн бүдүүлэг, дээрэнгүй зан авирыг тэвчиж ирсэн бөгөөд нөхцөл байдлыг дээрдүүлэхийг хичээсэн ч хэлний бэрхшээлээс үүдэн үл ойлголцол удаа дараа гарч, хэдийгээр зуучлагч байгууллагадаа хандсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Тухайн газар ажиллаж эхэлсэнээс сар хүрэхгүй хугацааны дараа нэгэн шөнө ажил олгогч нь түүнийг явахыг шаардаж дахин ажилуулахгүй гэдэгээ мэдэгдсэн байна. Мөн ажил олгогч нь анх гэрээ байгуулахдаа гадаад паспорт болон оршин суух зөвшөөрөл зэрэг бичиг баримтыг нь аваад эргүүлж өгөөгүй байна. Тэрээр маргааш нь Улаанбаатар хотод ирж зуучлалын байгууллагаасаа өөр ажлын байр олж өгөхийг гуйсан ч тухайн зуучлалын газар түүнийг Монгол Улсаас гарахыг шаарджээ. Тэрээр хуульч хөлслөн зуучлагч байгууллагатай үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүссэн ч тухайн байгууллага хуульчтай зүй бусаар харилцсан тул үргэлжлүүлэн хамтарч ажиллахаас татгалзжээ. Хэдийгээр түүний Монгол Улсад хууль ёсоор хөдөлмөр эрхлэх эрхтэй байсан ч зуучлагч нь Монгол Улсаас гарахыг шаардсаар байгаа ба тэрээр одоо өөрийн бичиг баримтаа эргүүлэн авч чадаагүй, зуучлагч байгууллага цагдаад мэдэгдсэн тул баригдах эрсдэлтэй байгаа гэжээ. Мөн тухайн иргэн асуудлаа шийдвэрлүүлэхээр Хүний эрхийн үндэсний комисс болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бичгээр гомдол гаргасан ч хариу авч чадаагүй гэжээ.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд гадаад ажилтныг хилээр орж ирэхээс өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын горим зэрэг гэрээний нөхцөлийг хангаагүй, хөдөлмөрт бэлтгэх сургалт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй, гадаад ажилтны хувийн баримт бичиг, цалин хөлсийг барьцаалсан бол ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан. Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд ажил олгогч анх удаа Монгол Улсад ирж байгаа гадаад ажилтныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, ёс заншлын талаар ерөнхий мэдээлэл болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай тусгай мэдээллээр хангах хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтад хамруулахыг үүрэг болгосон. Гэсэн ч тус сургалтын жишиг хөтөлбөрийг хараахан батлаагүй учир дээрх заалтын хэрэгжилтэд хяналт тавих боломжгүй байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийгмийн түншлэлийн байгууллагуудын оролцоотойгоор Улсын Их Хурлаас 22 жилийн дараа баталсан. Энэ хуульд хөдөлмөрийн харилцааны хамрах хүрээг өргөжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, албадан хөдөлмөр, ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, уртын ээлжээр ажиллах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан ижил үнэлэмжтэй ажилд адил цалин олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Гэсэн хэдий ч бодит байдал дээр ажил олгогч нар хэлний бэрхшээл, ялгаатай байдлаас шалтгаалан цагаач ажилтныг ялгаварлан гадуурхаж хөдөлмөрийн хүнд нөхцөл байдалд ажиллуулж, хүний эрхийн ноцтой зөрчил үйлдэж байгаа нь түгээмэл байгаа бөгөөд эдгээр асуудлыг зохицуулах холбогдох байгууллагуудад хандсан ч шийдвэрлэж чадахгүй хариуцлагаа бие бие рүүгээ шидэлсэн хэвээр байна. Мөн ийм нөхцөл байдалд орсон гадаадын иргэд хаана хандах нь тодорхойгүй, эрх нь зөрчигдсөөр байгаа юм.
Цагаач ажилчдын хөдөлмөрийн мөлжлөг нь зөвхөн тухайн хүний цалин хөлсөнд учирсан хохирлоор бус тэдний бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүй, гэр бүлийн амьдрал, нийгмийн амьдралд оролцох боломжид гүн гүнзгий нөлөөлдөг. Хэт олон цагаар ажиллах, хангалттай амрах боломжгүй байх, аюултай орчинд хөдөлмөрлөх нь осол гэмтэл, архаг ядаргаа, эрүүл мэндийн асуудал үүсгэхээс гадна айдас, дарамт, шударга бус харилцаа нь стресс, ганцаардал, сэтгэл зүйн тогтворгүй байдлыг нэмэгдүүлдэг. Эцсийн дүндээ нийгмийн хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн бүтээмжээр хэмжих боломжгүй. Харин тэрхүү хөгжилд хувь нэмрээ оруулж буй хүн бүрийн эрх, аюулгүй байдал, нэр төрийг хэрхэн хамгаалж байгаагаар нь үнэлэх учиртай байхад тэд шударга хөдөлмөрөө үнэлүүлж хүн ёсоор хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа юм. Хэдийгээр Монгол Улс хууль тогтоомж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч түүний хяналт хэрэгжилт хангалтгүй байж, холбогдох байгууллагууд зохих арга хэмжээг түргэн шуурхай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь шүүмжлэлтэй юм.
Эх сурвалж:
Олон улсын шилжин суурьшилтын байгууллага (ОУШБ/IOM). (2025). Монгол Улсын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний бодлого, үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ. Улаанбаатар. https://mongolia.iom.int/sites/g/files/tmzbdl1611/files/documents/2025-09/mongol-ulsyn-azhillakh-khuchniy-shilzhilt-khodolgooniy-bodlogo-uyl-azhillagaand-khiysen-dun-shizhilgee.pdf
Үндэсний статистикийн хороо. Хөдөлмөр, бизнес – Хөдөлмөр 1212.mn. https://www.1212.mn/mn/statcate/table-view/Labour%2C%20business/Labour/DT_NSO_0500_001V7.px (2026.11.03)
Ариунаа, Д. [ЦАГААЧ АЖИЛЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ҮНДСЭН БАРИМТ БИЧГҮҮД]. 88–91.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. (2026, 3-р сарын 20). https://mlsp.gov.mn/content/detail/3995

