УУР АМЬСГАЛЫН ДҮРВЭГСЭД

Цаг уурын эрс тэс өөрчлөлт болон байгалийн аюултай үзэгдэл, гамшиг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн амьдралыг үндсээр нь өөрчилж байна. Сүүлийн жилүүдэд хуурайшилт, цөлжилт болон далайн түвшний өсөлтөөс болж гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрсэн иргэдийн урсгал нэмэгдсээр байгаа бөгөөд үүнийг даган “уур амьсгалын дүрвэгсэд” гэх ойлголт олон улсын анхаарлын төвд орж ирлээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR) болон Дотоод шилжилт хөдөлгөөнийг хянах төв (IDMC)-ийн хамтарсан судалгаагаар жил бүр дунджаар 20 гаруй сая хүн цаг уурын эрс тэс үзэгдлийн улмаас гэр орноо орхин нүүж байна. Энэ үзэгдэл нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Харин хүмүүнлэгийн тусламж, хүний эрх болон дэлхийн тогтвортой хөгжлийн ирээдүйтэй шууд холбогдох зүйл болоод байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR) гэх мэт  олон улсын байгууллагууд энэ асуудлыг тусгайлан авч үздэг. Эдгээр байгууллагын тодорхойлсноор уур амьсгалын улмаас дүрвэж буй иргэд нь байгалийн гэнэтийн аюулт үзэгдэлд өртсөн хүмүүс юм. Мөн хүрээлэн буй орчны урт хугацааны доройтлоос үүдэн амьдрах боломжгүй болсон бүс нутгаасаа нүүж буй иргэд үүнд хамаарна. Гэвч өнөөдрийг хүртэл тэд олон улсын эрх зүйн албан ёсны хамгаалалтад бүрэн хамрагдаж чадахгүй байна. Учир нь 1951 оны Дүрвэгсдийн статусын тухай конвенцод “дүрвэгч” гэх нэр томьёог зөвхөн улс төр, шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн бүлгийн гишүүнчлэлээр хавчигдан гадуурхагдсаны улмаас улсынхаа хил дамнан зугтсан хүмүүст хамааруулдаг. Түүнчлэн, уур амьсгалын нөлөөгөөр гэр орноо орхиж буй иргэдийн дийлэнх нь улсынхаа хил дотор шилжин суурьшдаг тул энэ нь дотоодын шилжилт хөдөлгөөний томоохон давалгааг үүсгэдэг.

Уур амьсгалын өөрчлөлт нь нийгэмд тулгарч буй бусад эрсдэлүүдийг улам бүр нэмэгдүүлдэг. Хөдөө аж ахуй, мал аж ахуй гэх мэт байгалийн нөөцөөс шууд хамааралтай амьдардаг хүмүүс цаг уурын хэлбэлзэлд хамгийн түрүүнд өртдөг. Энэ нь ундны усны хомсдол үүсгэх бөгөөд хүнсний аюулгүй байдал алдагдах нь цаашлаад өлсгөлөн, ядууралд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, хүмүүс зөвхөн цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүссэн эдийн засаг хямрал, амьжиргааны эх үүсвэр нь  хомсдож байгаа явдлаас шалтгаалан нүүх шийдвэр гаргаж байна.

Өнөөдөр олон улсын түвшинд үүний эсрэг тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний дэлхийн гэрээ (Global Compact for Migration)-нд байгаль орчны шалтгаанаар дүрвэж буй иргэдийн асуудлыг голчлон тусгаж, энэ асуудал тулгамдаж буй улсын засгийн газруудыг урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахыг уриалж эхэлсэн. Түүнчлэн ОУТББ-ууд уур амьсгалын нөлөөгөөр хохирсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, эрх зүйн статусыг нь хүлээн зөвшөөрүүлэхээр нөлөөллийн ажлуудыг эрчимтэй өрнүүлж байна. Цаашид “уур амьсгалын дүрвэгсэд”-ийн асуудалд дэлхий нийтээрээ онцгой анхаарал хандуулж, санхүүжилт болон эрх зүйн орчныг нь тодорхой болгох шаардлагатай.

Ашигласан материал:

Climate Refugees. (2024). Climate change, displacement and international protection. Climate Refugees. https://www.climate-refugees.org

Internal Displacement Monitoring Centre. (2025). Global report on internal displacement (GRID 2025). Internal Displacement Monitoring Centre. https://www.internal-displacement.org

United Nations. (2018). Global compact for safe, orderly and regular migration. United Nations. https://www.un.org/en/migration/

United Nations High Commissioner for Refugees. (2024). Climate change and displacement. UNHCR. https://www.unhcr.org/what-we-do/build-better-futures/climate-change-and-displacement

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.