Эрх Чөлөөний Жигүүр НҮТББ сүүлийн үед олон улсын байгууллага, судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааны уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр гадаад түншлэлээ эрчимтэй өргөжүүлж байна.
Ази Номхон далайн дүрвэгсдийн эрхийн сүлжээ (APRRN)-ний Дэд нарийн бичгийн дарга Клаус Дик Нильсентэй уулзаж, дүрвэгсдийн эрх хамгаалал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Энэхүү уулзалтын хүрээнд Ази Номхон далайн дүрвэгсдийн эрхийн сүлжээ (APRRN)-ний “Хууль эрх зүйн туслалцаа болон өмгөөлөл” дэд ажлын хэсэгт орж ажиллах, цаашлаад сүлжээнээс зохион байгуулж буй чадавхжуулах сургалтуудад хамрагдах, өөрсдийн улсын туршлагаа хуваалцан хамтран ажиллахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.
Мөн тус сүлжээний 6-р сарын 20-ны дэлхийн дүрвэгсдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй хуралд цахимаар оролцох бөгөөд энэ нь Ази Номхон далайн дүрвэгсдийн эрхийн сүлжээ (APRRN)-нд гишүүний хувиар оролцох анхны үйл ажиллагаа болж байна.
Хүн бүр аюулгүй амьдрах эрхтэй. Энэ зорилгын төлөө бүс нутгийн болон олон улсын түншүүдтэйгээ хамтран ажилласаар байх болно.
Ази номхон далайн дүрвэгсдийн эрхийн сүлжээ (APRRN)-ний танилцах онлайн уулзалтад Эрх чөлөөний жигүүр НҮТББ оролцлоо.
Тус уулзалтаар гишүүнчлэлийн хүрээнд хэрэгжих хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, дэд ажлын хэсэгт орж ажиллах, чадавхжуулах сургалтад хамрагдах зэрэг цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.
Тус сүлжээнд элссэн анхны байгууллага болсноороо бид өргөн хүрээнд хамтран ажиллаж бүс нутгийн хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллахаар зорьж байна.
Эрх Чөлөөний Жигүүр НҮТББ нь Лондонгийн Их Сургуулийн дэргэдэх “Дүрвэгсдийн эрх зүйн судалгааны төв”-ийн төлөөлөгчидтэй танилцах онлайн уулзалт хийлээ.
Тус судалгааны төв нь Их Британы дүрвэгсдийн эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явууллаг цор ганц байгууллага бөгөөд эрдэмтэн судлаачид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, үндэсний болон олон улсын түвшинд бодлогод нөлөөлөхийн төлөө ажилладаг.
Тус уулзалтаар Монгол Улс дахь дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн эрх зүйн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, хамтран судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авах зэрэг хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн эрхийг хамгаалах орчинг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох үйл ажиллагаанд чухал алхам болох юм.
Эрх Чөлөөний Жигүүр НҮТББ нь Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийн (UNSW) дэргэдэх “Албадан нүүлгэн шилжүүлэлтийн судалгааны төв”-ийн төлөөлөгчидтэй танилцах онлайн уулзалт хийлээ.
Тус уулзалтаар Монгол Улс дахь дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн эрх зүйн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, цаашид судалгааны төвөөс зохион байгуулдаг воркшоп, хуралд хамрагдаж ижил төрлийн судалгаа хийдэг судлаачидтай холбоо тогтоох, судалгааны арга зүйн чиглүүлэг авахаар тохиролцлоо.
Тус судалгааны төвийн арга зүйн туршлага, судалгааны нөөцөд тулгуурлан Монгол Улсын дүрвэгсдийн хамгааллын тогтолцоог бэхжүүлж, ирээдүйн болзошгүй сорилтуудад бэлтгэлтэй байх зорилготой байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн эрхийг хамгаалах орчинг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох үйл ажиллагаанд чухал алхам болох юм.
