Ази, Номхон далайн бүс нутаг дахь дүрвэгсэд болон тусламж шаардлагатай иргэдийн нөхцөл байдал (2025 оны эцсийн байдлаар)

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар буюу UNHCR-аас гаргасан 2025 оны эцсийн байдлаарх тайлан мэдээллээс үзэхэд Ази, Номхон далайн бүс нутагт хүний эрх, шилжилт хөдөлгөөн болон хүмүүнлэгийн хямралын нөхцөл байдал нэн хурцадмал хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар тус бүс нутагт нийт 17.6 сая хүн НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн хамгаалалт болон тусламжид хамрагдаж байгаа бөгөөд энэ нь дэлхий даяарх тусламж шаардлагатай нийт хүн амын 14 хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм. Эдгээр иргэдийг нарийвчлан ангилж үзвэл, олон улсын хамгаалалт шаардлагатай дүрвэгчид болон орогнол хүсэгчдийн тоо 5.2 саяд хүрсэн нь дэлхийн нийт хэмжээний 12 хувьтай тэнцэж байгаа бол улс орон дотроо орон гэрээсээ дайжсан буюу дотооддоо шилжин суурьшсан иргэдийн тоо 7.5 саяд хүрсэн нь мөн л дэлхийн нийт үзүүлэлтийн 12 хувийг бүрдүүлж байна.

Хамгийн ноцтой бөгөөд анхаарал татсан үзүүлэлт бол харьяалалгүй иргэдийн асуудал бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт 2.6 сая харьяалалгүй хүн амьдарч байгаа нь дэлхий нийтийн энэ ангиллын иргэдийн талаас илүү буюу 59 хувийг дангаараа эзэлж байгаа маш өндөр тоо юм. Улс орнуудаар авч үзвэл хямрал, мөргөлдөөний голомт болсон Афганистан улсад хамгийн олон буюу 5.61 сая хүн, Мьянмарт 4.34 сая хүн тусламж шаардлагатай байгаа нь бүс нутгийн дундаж ачааллыг үлэмж нэмэгдүүлж байна. Үүнээс шалтгаалан тэдгээртэй хил залгаа болон ойр орчмын орнуудад шилжилт хөдөлгөөний томоохон давалгаа үүсэж, Пакистанд 1.99 сая, Иранд 1.65 сая, Бангладешт 1.18 сая хүн тус тус байршиж байна. Мөн түүнчлэн Зүүн Өмнөд болон бусад Азийн орнуудад нөхцөл байдал амаргүй байгаа бөгөөд Лаос улсад 724 мянга, Тайландад 698 мянга, Филиппинд 327 мянга, Малайзад 278 мянга, Энэтхэгт 254 мянга, Австралид 123 мянга, Папуа Шинэ Гвинейд 83 мянга, Японд 66 мянга, Казахстанд 61 мянга, Киргизд 58 мянга, БНСУ-д 44 мянга, Вьетнамд 25 мянга, Брунейд 21 мянга, Непалд 20 мянга, Тажикистанд 17 мянга, Индонезид 12 мянга, Шинэ Зеландад 7 мянга, Шри-Ланкад 4.7 мянга, Сингапурт 1.1 мянга, Хятадад 1 мянган хүн тус тус бүртгэгджээ.

Ерөнхий дүгнэлтээр, тус бүс нутаг нь дэлхийн харьяалалгүй иргэдийн дийлэнх олонхын голомт болж байгаагаас гадна цөөн хэдэн улсын дотоод зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдал нь хөрш орнууд болон бүс нутгийн бусад улсуудад хүмүүнлэгийн хямралыг урт хугацаанд үүсгэх гол шалтгаан болж байна.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.