НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, санхүүжилтийн огцом бууралтын улмаас 11 сая гаруй дүрвэгч болон албадан нүүлгэн шилжүүлэгдсэн хүн амин чухал тусламжаа алдах эрсдэлтэй болжээ. Энэ нь зөвхөн байгууллагын төсөв танагдаж буй тухай асуудал биш. Тусламжийн цаана хоол хүнс, цэвэр ус, эмчилгээ, боловсрол, хамгаалалт хүлээж буй сая сая хүний амьдрал бий. Дайн дуусаагүй. Хавчлага зогсоогүй. Хүмүүс амь нас, аюулгүй байдлаа хамгаалахын тулд эх орноосоо дүрвэсээр байна. Харин тэднийг хамгаалах дэлхийн хүсэл зориг, санхүүжилт улам багасаж байна.
Санхүүжилт багасах бүрд нэг гэр бүл хоол хүнс авах уу, эмчилгээний зардлаа төлөх үү гэдгээс сонгоход хүрдэг. Харин нэг сургалтын төв хаагдах бүрд хүүхдүүд боловсролоос хоцордог бол нэг эрүүл мэндийн хөтөлбөр зогсох бүрд эмчлэгдэх боломжтой өвчин амь насны эрсдэл болон хувирна.Чад болон Өмнөд Суданд дүрвэгсдийг хил орчмын аюултай бүсээс аюулгүй газарт шилжүүлэх ажиллагаа саарчээ. Угандагийн зарим дүрвэгсэд хүлээн авах төвд цэвэр ус, хүнсний хүртээмж муудаж, хоол тэжээлийн дутагдлын эрсдэл нэмэгдсэн байна. Бангладеш дахь рохинжа дүрвэгсдийн хуаранд олон зуун мянган хүүхдийн боловсрол тасалдах аюул нүүрлэж, Ливан дахь эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрүүд ч зогсох эрсдэлтэй болжээ.
Энэ хямралын хамгийн хүнд ачааг эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хүчирхийлэлд өртсөн иргэд үүрдэг. Хамгааллын төв хаагдахад хүчирхийлэлд өртсөн эмэгтэй эмнэлгийн тусламж, сэтгэлзүйн үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө авах боломжгүй үлдэнэ. Тиймээс санхүүжилтийн таналт гэдэг нь тоон үзүүлэлтийн өөрчлөлт бус, хүний амьдралын хамгийн эмзэг хамгаалалтыг үгүй хийж буй шийдвэр юм.
Дүрвэгсдэд зориулсан хүмүүнлэгийн тусламж буурч буйтай зэрэгцэн АНУ-ын дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийг хамгаалах тогтолцоо ч эрс хумигдаж байна. Brennan Center for Justice байгууллагын шинжилгээнд Трампын засаг захиргаа АНУ-ын дүрвэгсэд болон орогнолын хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хязгаарлаж буйг онцолжээ. Өмнөд хилээр ирж буй орогнол хүсэгчдийн хүсэлтийг зогсоож, дүрвэгсэд хүлээн авах ажиллагааг царцаан, жилд хүлээн авах хүний тоог өмнөхөөс нь эрс бууруулсан байна.
Үүний зэрэгцээ аюулгүй байдлын шалгалтаа давж, АНУ-д нэвтрэх зөвшөөрөл авсан олон мянган хүн тодорхойгүй хугацаагаар хүлээхэд хүрчээ. Тэдний зарим нь олон жилийн турш гэр бүлээсээ тусдаа амьдарч, амьдралаа дахин эхлүүлэх боломжоо хүлээсээр байна. Дүрвэгсдийн хөтөлбөрийг хязгаарлахдаа үндэсний аюулгүй байдлыг гол үндэслэл болгон тайлбарладаг. Гэвч АНУ-д дүрвэгчээр очих хүсэлтэй хүн ярилцлага, эрүүл мэндийн үзлэг, хурууны хээ болон мэдээллийн сангийн олон шатны шалгалтад хамрагддаг. Өөрөөр хэлбэл, энэ нь хяналтгүй нээлттэй хаалга биш, харин хамгийн нарийн шалгалттай цагаачлалын сувгуудын нэг юм.
Харин орогнолын хүсэлтийг шийдвэрлэлгүй удаан хүлээлгэж, ажил хийх боломжийг нь хязгаарлах тусам хүмүүс өөрсдийн амьдралыг бие даан авч явах боломжгүй болдог. Улмаар тэд төр, олон улсын байгууллагын тусламжаас хамааралтай болж, дараа нь энэ хамаарлыг дүрвэгсэд эдийн засагт дарамт болж байна хэмээн тайлбарлахад хүрдэг. Ийм нөхцөлд асуудал нь дүрвэгсэддээ бус, тэднийг нийгэмд оролцуулахгүй тусгаарлаж буй бодлогод оршдог.
Дүрвэгсдийг хамгаалах нь зөвхөн ёс суртахууны үүрэг биш. Зөв хэрэгжүүлбэл энэ нь урт хугацааны эдийн засгийн хөрөнгө оруулалт болж чадна. Дүрвэгсдэд ажиллах, суралцах, чөлөөтэй зорчих, албан ёсны эдийн засагт оролцох боломж олгосон орнуудад тэд татвар төлөгч, ажилтан, бизнес эрхлэгч, хэрэглэгч болон хувирдаг. АНУ-д 2005–2019 оны хооронд дүрвэгсэд болон орогнол авсан иргэд төрөөс өөрсдөд нь зарцуулсан хэмжээнээс 123 тэрбум гаруй ам.доллараар илүү орлогыг төсөвт төвлөрүүлсэн гэсэн тооцоо бий.
Энэ нь дүрвэгсэд зөвхөн тусламж хүртэгчид биш гэдгийг харуулна. Боломж олдвол тэд хөдөлмөрлөж, татвар төлж, ажлын байр бий болгон, хүлээн авагч нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулдаг. Харин хууль ёсны, аюулгүй гарцыг хаах тусам хүмүүс илүү аюултай зам сонгоход хүрнэ. Хүүхдүүдийн боловсрол тасалдах тусам бүхэл бүтэн нэг үе ур чадвар, боломжгүй үлдэнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ зогсох тусам урьдчилан сэргийлж болох асуудлууд томоохон хүмүүнлэгийн хямрал болж хувирна.
Өнөөдөр хэмнэж байгаа мэт харагдах бага хэмжээний зардал маргааш илүү өндөр эдийн засаг, нийгэм, аюулгүй байдлын үнээр эргэн ирдэг.
Нэг талд НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг шаардлагатай санхүүжилтийнхээ багахан хэсгийг бүрдүүлж, хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол, хамгааллын хөтөлбөрүүдээ танаж байна. Нөгөө талд хил хамгаалалт, саатуулах төв, албадан гаргалтад хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулсаар байна.Энэ нь дэлхийд мөнгө байхгүй гэсэн үг биш. Харин байгаа хөрөнгөө хүний амь нас, хамгаалалтад зарцуулах уу, эсвэл хил хаах, хүмүүсийг саатуулах, албадан буцаахад зарцуулах уу гэсэн улс төрийн сонголт юм.
Дүрвэгсдийг хамгаалах санхүүжилт бол өглөг биш. Энэ нь мөргөлдөөн, ядуурал, хууль бус хөдөлгөөн, хүний наймаа болон бүс нутгийн тогтворгүй байдлыг даамжрахаас урьдчилан сэргийлж буй хөрөнгө оруулалт юм.Дүрвэгсдийн тухай хэлэлцүүлэг квот, хил, төсөв, сонгуулийн маргаан болон хувирах үед хаалганы цаана байгаа хүнийг мартах амархан.Гэвч дүрвэгч гэдэг нь статистикийн нэгж биш. Тэр бол хэн нэгний ээж, аав, хүүхэд, эмч, багш, инженер, тариаланч эсвэл ирээдүйн бизнес эрхлэгч. Тэд эх орноо орхихыг хүссэндээ бус, үлдэх нь амь нас, эрх чөлөөнд нь аюултай болсон учраас дүрвэдэг.
Хүлээн авагч орнууд хаалгаа хаалаа гээд дайн зогсохгүй. Хавчлага ч арилж үгүй болохгүй. Харин зовлон илүү хол, илүү харагдахгүй газар шилжинэ.Санхүүжилт танагдлаа гээд хэрэгцээ арилдаггүй. Харин хоолгүй хүүхэд, эмчилгээгүй өвчтөн, хамгаалалтгүй эмэгтэй, ирээдүйгүй залуусын тоо нэмэгдэнэ.
Дүрвэгсдийг хамгаалах тогтолцоо бол зөвхөн энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл биш. Энэ нь олон улсын хууль, эдийн засгийн ухаалаг бодлого, дэлхийн тогтвортой байдлыг хамгаалах механизм юм.Эцсийн дүнд дүрвэгсдэд нээгдсэн хаалга зөвхөн нэг хүний амийг аврахгүй. Тэр хаалга бид хууль, шударга ёс, хүн чанарынхаа үнэт зүйлсийг хамгаалж чадах эсэхийг харуулна.
Нийтлэлийг бичсэн: Ч. Маралмаа
Харвардын Кеннедигийн сургууль
Ашигласан эх сурвалж
United Nations High Commissioner for Refugees. “UNHCR: As Funding Cuts Bite, Some 11m People Are Losing Aid.” 18 July 2025.
O’Herron, Margy. “How the Trump Administration Is Dismantling Refugee and Asylum Programs.” Brennan Center for Justice, 22 July 2026.

