Өөрсдийн иргэдийн гадаад улсад зорчих, гадаад ертөнцтэй харилцах, улс төрийн үг хэлэх зэрэг эрхийг хааж цэргийн албанд дайчилан шүүх засаглалыг улс төрөөс бүрэн хараат байлгадаг улсууд маш олон бий. Тэдгээрийн нэг болох хамгийн хаалттай, дарангуйлалт дэглэмтэй Хойд Солонгос улсаас өөрийн эрх чөлөөний төлөө зугтан гарч, амьд үлдэхийн тулд асар том золиос гаргасан олон мянган иргэдийн нэг бол Пак Ёнми (Yeonmi Park) юм. Түүний туулсан амьдрал бол ердөө нэг хувь хүний түүх бус, хүний эрх, эрх чөлөөний асар том үнэ цэнийг сануулсан замнал юм.
Парк Ёнминий Хойд Солонгост өнгөрүүлсэн хүүхэд нас
Пак Ёнми 1993 онд Хойд Солонгосын Хятадтай хиллэдэг Янган мужийн Хэсэн хотод төржээ. Түүнийг бага байх үед буюу 1990-ээд оны дунд үеэс Хойд Солонгосыг хамарсан их өлсгөлөн, нийгмийн хямрал хамгийн цэгтээ хүрээд байв.
Улсаас өгдөг хүнсний нормоор амьдрах боломжгүй болсон тул түүний аав гэр бүлээ тэжээхийн тулд хууль бус хар захаас хүнс, металл цуглуулан худалдаалах болжээ. Гэвч энэ нь дэглэмийн эсрэг гэмт хэрэгт тооцогддог байсан тул аав нь баригдаж, сургалтын лагерьт хоригдсоноор тэдний гэр бүл нийгмээс бүрэн шахагдаж, туйлдаж эхэлсэн байна. Гудамжинд өлсөж амиа алдаж буй хүмүүсийг харж, найз нөхөд нь ор сураггүй алга болохыг харсан Пак Ёнмид амьд үлдэх ганц л сонголт үлдсэн нь зугтах явдал байв.
Зугтсан нь
2007 онд буюу 13 настай байхдаа Пак Ёнми ээжийнхээ хамт Ялу голыг гатлан Хятадын хил рүү хууль бусаар нэвтэржээ. Тэд зүгээр л хоол хүнс олж, амьд үлдэхийг хүссэн боловч Хятадад очсон даруйдаа хүний наймааны золиос болсон юм.
Хятадын эрх баригчид Хойд Солонгосын дүрвэгсдийг “улс төрийн дүрвэгч” гэж хүлээн зөвшөөрдөггүй, хууль бусаар хил давсан нь баригдвал албадан буцаадаг. Энэ байдлыг нь ашиглан тэднийг сүрдүүлж, бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд тэд өртжээ. 13 настай охин ээжийгээ хамгаалах, цаашлаад амьд үлдэхийн тулд асар их сэтгэлийн ачаалал, зовлон шаналлыг туулсан байдаг.
Говь цөлийг туулж Монгол Улсад ирсэн нь
Хятадад нуугдаж амьдрах нь баригдах аюултай байнга тулгарч байсан тул тэд Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд очих замыг хайж эхэлжээ. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих аюултай аян зам байв.
2009 оны хавар тэд Хятадаас зугтан, өвлийн сүүлийн тэсгим хүйтэнд говийг явган туулж, хилийн торон хашааг даван гарсан юм. Монголын хилийн цэрэгт саатуулагдсанаар олон улсын хүний эрхийн конвенцийн дагуу тэднийг хамгаалалтад авч, Улаанбаатар хотод байрлаж байгаад Өмнөд Солонгост очжээ. Монголын хилийг давсан нь тэдний хувьд үхэл ба амьдралын зааг дээр ирсэн хамгийн чухал эргэлт байв.
Шинэ амьдрал ба Дэлхийн тавцан дахь дуу хоолой
Өмнөд Солонгост очсоны дараа Пак Ёнми эрх чөлөөт нийгэмд суралцаж, боловсрол эзэмшин, улмаар АНУ-ын Колумбын Их Сургуульд суралцсан.
2014 онд Дублин хотод болсон “One Young World” залуучуудын чуулга уулзалт дээр тэрээр өөрийн туулсан түүхийг дэлхий нийтэд анх удаа нээлттэй ярьснаар олон улсын анхаарлын төвд орсон. Түүний өгсөн ярилцлага, илтгэлүүд нь Хойд Солонгост болж буй хүний эрхийн ноцтой зөрчлүүд болон Хятад дахь дүрвэгчдийн асуудлыг дэлхий нийтэд сануулахад том хувь нэмэр оруулсан юм.
2015 онд Пак Ёнмин өөрийн туулсан бүхнийхээ талаар “In Order to Live: A North Korean Girl’s Journey to Freedom” нэртэй номоо хэвлүүлсэн ба Олон улсын хүний эрхийн номны төрөлд 1 жил гаруй борлуулалтаараа тэргүүлсэн. Мөн тэрээр 2023 онд “While Time Remains: A North Korean Defector’s Search for Freedom in America” нэртэй 2 дахь номоо хэвлүүлжээ.
Пак Ёнмигийн туулсан замнал бол ямар нэг хувь хүний туулсан зовлон зүдгүүрийн түүх биш, нийгмийн хар сүүдэрт бугшсан хүний эрхийн ноцтой зөрчил, хүний наймааны аюул заналхийлэл болон эрх чөлөөний үнэ цэнийг харуулсан бодит жишээ юм.
Эх сурвалж:
Brieflane. In Order To Live. https://brieflane.com/en/books/in-order-to-live
Haggard,S.(2016, January 14). Yeonmi Park, In Order to Live: A North Korean Girl’s Journey to Freedom (Part II). Peterson Institute for International Economics(PIIE). https://www.piie.com/blogs/north-korea-witness-transformation/yeonmi-park-order-live-north-korean-girls-journey-0

