НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк-ийн “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцэд  оролцлоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд “Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ:

Монгол Улс бол геополитикийн томоохон тоглогчидтой ухаалгаар харилцаж ирсэн энх тайвны үлгэр жишээ орон билээ. Монгол Улс дэлхийн түүхэнд асар том нөлөөтэй байж ирсэн төдийгүй орчин үед ч дэлхийд энх тайван, итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Маргаан, зөрчлийг шийдвэрлэх хүчин чармайлтад дипломат хэлэлцээр хамгийн үнэ цэнтэй арга хэрэгсэл байсан ч харамсалтай нь өнөөдөр улс хоорондын болон улс доторх маргааныг шийдвэрлэхэд хүч хэрэглэх явдал дахин сонголтын хэрэгсэл болж байна.

Мөргөлдөөн анхнаасаа үүсэхээс сэргийлэхийн тулд хүний эрхэд илүү төвлөрч анхаарах шаардлагатай. Ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, дарангуйлал, арьсны өнгөөр ялгаварлах үзэл, неоколоничлолын хандлагаас мөргөлдөөн  үүдэлтэй байдаг. Бид эдгээр хандлагыг шийдвэрлэж чадвал дэлхий маань илүү аюулгүй болно.

Гэвч өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага эсрэг зүгт явж байна. Тэгш бус байдал нэмэгдэж, Тогтвортой хөгжлийн зорилтууд ноцтой хоцрогдож байна.

Уур амьсгал, байгаль орчны хямрал болон алс хол өрнөж буй дайн, зэвсэгт мөргөлдөөний эдийн засгийн үр дагавар Монгол Улсад тулгамдаж буй асуудал болоод байна.

Бизнес ба хүний эрх хоорондоо ямар нэгэн байдлаар зөрчилддөг гэсэн олон жилийн буруу ойлголтоосоо салахыг хүний эрхийг дээдлэн үйл ажиллагаагаа явуулж буй амжилттай компаниудын жишээнээс харж болохоор байна.

Хүний эрхэд анхаарах нь хөрөнгө оруулагчид болон олон нийтийн итгэлийг бэхжүүлж, илүү чадварлаг ажилтнуудыг татаж, амжилтын илүү бат бөх, тогтвортой суурийг бүрдүүлдэг.

Тиймээс Монгол Улсын бизнесийн орчинг хөдөлмөрийн болон хүний эрхийг хүндэлдэг, байгаль орчинд хохирол учруулахаас сэргийлдэг, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа явуулахыг уриалж байна.

Хүний эрх нь дэлхийн эдийн засгийг өөрчилж буй дижитал технологид мөн нэн чухал. Дижитал технологийн хурдацтай шилжилт хүний эрхийн хамгаалалтгүй бол тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг гүнзгийрүүлж, тандалт хийх боломжийг нэмэгдүүлэх, ташаа мэдээлэл болон аюултай контентийг улам хүчтэй түгээх эрсдэлтэй.

Жендэрийн тэгш байдал нийгмийн бүх салбарт итгэлцэл бий болгоход зайлшгүй шаардлагатай. Хүчирхэг, тэсвэртэй нийгэм гэдэг нь эмэгтэйчүүд ахмад настан, бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийн оруулж буй хувь нэмрийг үнэлэх, хамгаалах явдал юм.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.