“Эрх Чөлөөний Жигүүр” НҮТББ дэлхийн дүрвэгсдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “Хамтын ирээдүй: Ази-Номхон далайн бүс нутаг дахь дүрвэгсдийг хамгаалах чиглэлээрх Австрали улсын үүрэг амлалт” (Shared Futures: Australia’s Commitment to Refugee Protection in the Asia-Pacific) сэдэвт олон улсын цахим хуралд амжилттай оролцлоо.
Тус хурлыг Settlement Services International (SSI), Эмнести Интернэшнл (Amnesty International) болон Ази-Номхон далайн бүс нутгийн дүрвэгсдийн эрхийн сүлжээ (Asia Pacific Refugee Rights Network – APRRN) зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллагууд хамтран Тайландын Бангкок хотноо танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Ази-Номхон далайн бүс нутгийн дүрвэгсдийн эрхийн сүлжээ (APRRN) байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хафсар Тамесуддин Бангладешийн Кокс-Базар хуаранд санхүүжилт танагдсанаас үүдэн аюулгүй байдал доройтож, охид эмэгтэйчүүдийн хамгаалал, залуусын боловсрол орхигдож байгааг анхааруулав. Тэрээр хүмүүнлэгийн тусламжийн санг орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудад шууд хуваарилах нь үр дүнтэйг онцолсон юм.
Үүнтэй холбогдуулан Олон улсын суурьшил, олон талт байдлын байгууллага (SSI)-ын ерөнхий менежер Соня Вигньевиг Австрали улс дүрвэгсдийг суурьшуулж ирсэн 50 жилийн туршлагаасаа хуваалцахдаа, дүрвэгсдийг тусламж авагч биш, шийдэл гаргах түвшний түнш гэж үзэх ёстойг сануулаад, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт сувгуудыг нээх нь тэднийг аюултай шилжилт хөдөлгөөн хийхээс сэргийлэх хамгийн практик шийдэл болохыг тайлбарлаж, Афганистан болон Кокс-Базарт хэрэгжүүлсэн орон нутгийн иргэдээр удирдуулсан амжилттай төслүүдийг жишээ татав.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR)-ын төлөөлөгч Карен Вайтинг Австрали улсыг жил бүр хүмүүнлэгийн хөтөлбөрөөр 20,000 квот олгодог, бусад түншүүд санхүүжилтээ танаж буй үед ч тогтвортой санхүүжилт өгдөг гол түнш хэмээн дурдлаа.
Түүнчлэн Кокс-Базар хуарангаас цахимаар холбогдсон Рохинжа нийгэмлэгийн удирдагч Хидраул Бангладеш улс энэ хямралыг ганцаараа даван туулах боломжгүй бөгөөд дүрвэгсдэд зөвхөн хүмүүнлэгийн тусламж биш, харин дээд боловсрол, тэтгэлэг болон амжиргааны эх үүсвэр нэн шаардлагатай байгааг илэрхийлж, олон улсын төлөөллүүдэд тэднийг мартахгүй байхыг уриаллаа. Үүний зэрэгцээ Австралийн Элчин сайдын яамны төлөөлөгч Фелисити Флүүк дүрвэгсдийн талаарх хуурамч мэдээлэл, сөрөг хандлагыг өөрчлөхөд тэдний нийгэм, эдийн засагт оруулж буй эерэг хувь нэмрийг олон нийтэд харуулах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг тэрээр дурдсан юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Эмнести Интернэшнл байгууллагын Австрали дахь салбарын төлөөлөгч Заки Хэйдари өөрийн амьдралын туршлага дээр үндэслэн Афганистаны хямралыг хөндөж, суурьшуулах хөтөлбөрүүд бол дүрвэгсдийн хувьд хамгийн харанхуй үед амьд үлдэх, урагшлах итгэл найдварын гэрэл нь болдог гэдгийг онцолсон юм.
Эцэст нь дүгнэхэд энэхүү уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутаг дахь дүрвэгсдийн өмнө тулгарч буй хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтийн хомсдол, хуарангуудын аюулгүй байдал, охид эмэгтэйчүүдийн хамгаалал болон залуусын боловсролын асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн дүрвэгсдийг аюултай шилжилт хөдөлгөөн хийхээс сэргийлэхийн тулд боловсрол, хөдөлмөрийн хөдөлгөөнт байдлыг дэмжсэн нэмэлт сувгуудыг нээх, НҮБ болон олон улсын байгууллагуудын зүгээс шинээр хэрэгжүүлж буй “Маршрутад суурилсан арга барил” (Route-based approach)-ын талаар нарийвчлан хэлэлцэж, дүрвэгсдийг зөвхөн тусламж авагч биш шийдэл гаргах түвшний түнш, удирдагч хэмээн үзэж оролцоог нь хангах шаардлагатайг онцолсон юм.

