Монголчууд Өвөр ба Ар Монгол болон задарсан нь XVI зууны төгсгөл үеэс эхлэн Манж Чин улсын шаталсан бодлого, Монголын дотоод хямрал, улмаар XX зууны Их гүрнүүдийн геополитикийн тохиролцооны үр дүнд 300 гаруй жилийн турш шат дарааллан гүнзгийрсэн үйл явц билээ.
Энэ бүхэн нь Их Юань гүрэн унаснаас хойш Монголчууд Цахар, Халх, Урианхай, Ордос, Түмэд, Юншээбүү, Цорос, Дөрвөд, Торгууд, Хошоод болон бутарснаас эхлэлтэй. XVII зууны эхэнд Лигдэн Хутагт хаан эргэн нэгтгэх гэж оролдсон боловч зарим ноёд түүний засаглалыг эсэргүүцсэн бөгөөд 1624 онд Лигдэн Хутагт хааны шахалтаас зайлсхийсэн Хорчин аймгийнхан Хожуу Алтан Улсын хаан Нурхачтай холбоо тогтоон дагаар орсон нь Монголын аймгуудаас хамгийн анх Манжид дагаар орсон тохиолдол болов. Харин Манжууд энэ боломжийг ашиглан Лигдэн Хутагт хааныг шахалтад оруулж, улмаар 1634 онд Лигдэн Хутагт хаан Хөх нуурын зүг явах замдаа Шар тал гэх газар салхин цэцэг өвчнөөр нас барснаар Их Монгол улсын төв засаглал бүрэн задарчээ.
Лигдэн Хутагт хаан нас барсны дараа 1635 онд түүний хүү Эжэй хонгор Манжид бууж өгсөн байна. 1636 онд Цахар, Ордос, Түмэд, Юншээбүү болон монголын урд хэсгээр амьдарч байсан Өвөр Халхын тайж, ноёд цугларч Манжийн хаан Абахайг Монголын хаанаар өргөмжилжээ. Абахай хаан Хожуу Алтан улсын нэрийг Чин (Цин) хэмээн өөрчилжээ. Чин улсын бүрэлдэхүүнд хамгийн эхэнд орсон өмнөд хэсгийн аймгуудыг Манжийн төрөөс “Их говийн өвөр хэсэг” буюу “Өвөр Монгол” хэмээн засаглал, газар нутгийн хувьд зааглан ангилах болсноор энэхүү ойлголт түүхэнд анх үүссэн юм.
Мөн цаашлаад Ар Монгол тусгаар хэвээр үлдсэн боловч Халхын Түшээт хан Чахундорж, Анхдугаар Богд Жавзундамба хутагт, Занабазар нар Зүүнгарын Галдан Бошгот хаантай зөрчилдөж тэдний хооронд дайн дэгдэв. Халхын ноёд Галдан Бошгот хааны аюулаас дайжин говь уруудан Өвөр Монголын нутагт очсон байна. 1691 онд Долоннуурын чуулганаар Халх Монгол (Ар Монгол) бие даасан улс байхаа больж, Манж Чин улсын харьяанд албан ёсоор орсон.
Зүүнгарын хаант улс нь Манжид эзлэгдээгүй Монголын сүүлийн хэсэг байсан ч Зүүнгарын хаант улсын хамгийн хүчирхэг хаан болох Галданцэрэн 1745 онд нас барснаар хаан ширээний төлөө хоорондоо дайтаж, хэдхэн жилийн дотор хэд хэдэн хаан солигдож, улсын дотоод нэгдэл, цэргийн хүч асар хурдан суларчээ. үүнээс гадна цэцэг өвчин асар хурдацтай тархаж, Зүүнгарын хүн амын 60-80% нь өвчнөөр болон Манжийн цэргийн гарт хөнөөгдөж, хүн ам нь асар ихээр цөөрсөн. Тийнхүү Манж Чин улс Зүүнгарын хаант улсыг буулган авч бүх Монгол аймгийг өөртөө нэгтгэсэн юм.
1911 онд Манж Чин улсад Шиньхайн хувьсгал гарч мөхөх үед Халхын ноёд, хутагтууд санаачлан 1911 оны 12 сарын 29-нд Их Өргөөнд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Хаанд өргөмжилж, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулан, тусгаар тогтнолоо зарласан. 1915 онд Хаант Орос, Дундад иргэн улс (Хятад), Олноо Өргөгдсөн Монгол Улс гурван улсын төлөөлөгчид оролцсон Хиагтын гэрээнд Хаант Орос болон Дундад иргэн улс хоорондоо тохиролцон Өвөр Монголыг Хятадын шууд бүрэлдэхүүнд үлдээж, зөвхөн Ар Монголд автономит эрх олгосон. Олноо Өргөгдсөн Монгол улсын төлөөлөгчид бүрэн тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх, Өвөр Монголыг нутаг дэвсгэртээ нэгтгэхийн тулд асар их эсэргүүцэл үзүүлсэн.
Гэвч Хаант Орос, Дундад иргэн улс хоёр заналхийлэл, шахалт үзүүлж, Хаант Оросын тал Олноо өргөгдсөн Монголд олгох зээл болон зэвсгийн тусламжаа зогсооно хэмээн сүрдүүлснээр Монгол талаас буулт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Ийнхүү Ар монгол, Өвөр монгол хэвээр үлдсэн байна.

