Казахууд өөрсдийн бие даасан улстай хэр нь яагаад одоо хүртэл Монголд амьдардаг юм бол гэж та гайхаж байсан уу? Тэдний Монголд амьдрахад Монгол, Хятад, Оросын харилцааны түүхэн үйл явдлууд чухал нөлөө үзүүлсэн байдаг юм.
Угсаа гарал буюу овог аймаг.
Казах үндэстэн нь Түрэг угсааны ард түмэн бөгөөд түүхэндээ Казахын хаант улс байгуулж байсан ч Оросын эзэнт гүрний нөлөөнд орж байв. Харин монголд ирж суурьшсан казахуудын ихэнх нь Түрэг гаралтай Хэрэйд, Найман овог аймгийнхан юм.
Газар нутгаа яагаад алдсан юм бол?
Казахууд өөрсдийн уугуул нутаг болох Төв Азийн тал хээрийг хэд хэдэн түүхэн үйл явдлын улмаас алдаж, өөр өөр тийш нүүдэллэхэд хүрсэн байдаг. Үүний нэг шалтгаан нь Ойрад Монголын Зүүнгарын улс хүчирхэгжин өргөжин тэлэн шахалтад орсон бөгөөд Казахууд дотоодын зөрчилдөөнөөсөө болон нутгаа алдаж, Сибирь, Дундад Ази руу шахагдсан. Зүүнгарын аюулаас сэргийлэх зорилгоор зарим нь Хаант Орос улсыг бараадсан ч Оросын эзэнт гүрэн аажмаар Казахын бие даасан байдлыг үгүй хийж, газар нутгийг нь эзлэн авч, оросын тариачдад өгсөн.
Монголд ирж суурьшсан нь.
XVIII зууны дунд үед Манж Чин гүрэн Зүүнгарын улсыг ялсны дараа хүнгүй болсон газар нутаг буюу одоогийн Шинжаанд Казахууд бэлчээр эрэн нүүж очиж нутагласан байна. Шинжаанд суурьшсан Абак Керей овгийн казахууд Манж Чин гүрний татвар, дарамт болон тухайн үеийн дотоодын бослого үймээнээс зугтаж, малын бэлчээр хайн Алтайн нурууг давж Монголын баруун хязгаарт амьдарч эхэлжээ.
Монгол Улс Манжаас тусгаар тогтносны дараа Казахын ахлагчид Богд Жавзандамба хаанд бичиг барьж, Монгол Улсын харьяат иргэн болж, суурьшин амьдрах хүсэлт гаргасан. Богд хаан болон Ардын Засгийн газраас тэдэнд Алтайн цаадах Ховдын хязгаар буюу одоогийн Баян-Өлгий аймагт бэлчээр заан өгч, албан ёсоор суурьших эрх олгожээ.
Түүнчлэн Казахууд Монголд ирж суурьшсанаар мал аж ахуй, урлаг соёл, хэл, зан заншил зэрэг соёлын олон янз байдал бий болж Монголын соёл иргэншлийг улам баяжуулсан.
Магадгүй Казах ард түмэн болон Монгол ард түмний дунд олон ялгаа байж болох ч өөрсдийн газар нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ирсэн нүүдэлчид гэдгээрээ бид адилхан. Нэг улсын газар нутаг дээр амьдарч байгаа бид нэгнээ хэмлэн гадуурхах бус нөхөрлөж бие биенээ дэмжиж байж эх орон минь цаашдаа хөгжиж цэцэглэх билээ.

