Хятад улс 1.4 тэрбум орчим хүн амтай, албан ёсоор 56 үндэстэнтэй дэлхийн хамгийн том олон үндэстний улсуудын нэг. Хүн амын 90 гаруй хувийг хань үндэстэн эзэлдэг бол үлдсэн хэсэгт уйгур, төвд, монгол болон бусад үндэстэн багтдаг. Олон арван жилийн турш Бээжин эдгээр үндэстний хэл, соёл, шашин, уламжлалыг тодорхой хэмжээнд хадгалах бодлого баримталж, Шинжаан, Төвд, Өвөр Монгол зэрэг бүс нутагт өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлж ирсэн билээ.
Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын үндэстний бодлогын чиглэл мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Өмнө нь үндэстнүүдийн ялгаатай онцлогийг хадгалах асуудал илүү тод яригддаг байсан бол өнөөдөр тэднийг “Хятадын үндэстний хамтын нийгэмлэг” гэсэн нийтлэг identity дор илүү нягт нэгтгэх зорилго давамгайлах болжээ. Энэхүү бодлогын хамгийн сүүлийн том алхам нь 2026 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Үндэстний эв нэгдэл, дэвшлийг дэмжих тухай хууль юм. Хятадын Засгийн газар уг хуулийг үндэстнүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах, нийтлэг үндэсний ухамсрыг хөгжүүлэх зорилготой гэж тайлбарлаж байна. Харин хүний эрхийн байгууллагууд болон зарим судлаачид үүнийг үндэстний цөөнхийн хэл, соёл, шашны бие даасан орон зайг улам багасгах эрсдэлтэй хууль гэж үзэж байна.
Шинэ бодлогын хамгийн эмзэг хэсэг нь хэл, боловсролын асуудал юм. BBC-ийн мэдээллэж буйгаар стандарт хятад хэл буюу мандарины хэрэглээг цэцэрлэгийн өмнөх наснаас ахлах сургуулийн төгсгөл хүртэл улам өргөжүүлэх чиглэл баримталж байна. Өмнө нь Төвд, Шинжаан, Өвөр Монголын зарим сургуульд сурагчид хичээлийнхээ ихэнхийг төвд, уйгур, монгол зэрэг төрөлх хэлээрээ үзэх боломжтой байсан бол сүүлийн жилүүдэд стандарт хятад хэлний эзлэх байр суурь нэмэгдсээр байна. Бээжингийн хувьд энэ нь нийгмийн болон эдийн засгийн боломжийн асуудал бөгөөд Мандарин хэл Хятад даяар хэрэглэгддэг тул үндэстний цөөнхийн хүүхдүүд уг хэлийг сайн эзэмшсэнээр их сургуульд суралцах, өөр мужид ажиллах, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломж нь нэмэгдэнэ гэж үздэг. Энэ тайлбар тодорхой үндэслэлтэй боловч маргааны гол нь үндэстний цөөнхийн хүүхдүүд хятад хэл сурах эсэхэд бус, төрөлх хэл нь боловсролын үндсэн хэлний байр сууриа хадгалж чадах эсэхэд оршиж буй билээ.
Хэл зөвхөн гэр бүлийн хүрээнд хэрэглэгдээд, харин сургууль, их сургууль, төрийн байгууллага, хөдөлмөрийн зах зээл, хэвлэл мэдээлэл, цахим орчинд өөр хэл давамгайлж эхэлбэл тухайн хэлний нийгмийн хэрэглээ аажмаар хумигдана. Тиймээс хэл “хориглогдоогүй” байх нь тухайн хэл ирээдүйд бүрэн амьд үлдэх баталгаа биш юм.Монголчуудын хувьд энэ асуудал 2020 онд аль хэдийн хүчтэй илэрсэн. Тэр онд Өвөр Монголын монгол хэлээр сургалт явуулдаг сургуулиудад зарим үндсэн хичээлийг мандарин хэлээр заах бодлого хэрэгжиж эхлэхэд олон монгол эцэг эх эсэргүүцсэн. Зарим нь хүүхдээ сургуульд явуулахаас татгалзаж, Өвөр Монголд ховор тохиолддог өргөн хүрээний эсэргүүцэл гарсан ба эсэргүүцлийн гол шалтгаан нь хятад хэл сурахыг үгүйсгэсэн явдал огт биш байв. Харин монгол хэл сургалтын үндсэн хэл байхаа больж, улмаар дараагийн үеийн хүүхдүүд төрөлх хэлээ бүрэн эзэмших боломж нь багасах вий гэсэн болгоомжлол байсан юм. Тухайн үеийн эсэргүүцэл богино хугацаанд намжсан ч монгол хэлний ирээдүйн талаарх асуулт хэвээр үлдсэн юм.
Төвд болон Шинжаанд ч ижил төстэй асуудал өөр хэлбэрээр илэрч байна. Төвдөд шашны байгууллага, хийдүүдэд тавих төрийн хяналт нэмэгдэж, Далай ламтай холбоотой шашны болон улс төрийн үйл ажиллагааг салан тусгаарлах үзэлтэй холбон авч үзэх нь түгээмэл болсон. Шинжаанд уйгур болон бусад мусульман иргэдийн шашин, хэл, соёл, аюулгүй байдлын асуудал олон улсын хамгийн их маргаан дагуулсан сэдвүүдийн нэг хэвээр байна.
Хүний эрхийн байгууллагууд Шинжаанд олон тооны уйгур болон бусад мусульман иргэнийг “дахин хүмүүжүүлэх” төвүүдэд саатуулсан гэж мэдээлж ирсэн бол Хятадын Засгийн газар тэдгээр төвийг терроризм, экстремизмээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн боловсрол олгох зориулалттай байсан гэж тайлбарладаг. НҮБ-ын хүний эрхийн байгууллагууд ч Шинжаанд хүний эрхийн ноцтой зөрчил гарсан байж болзошгүй гэж өмнө нь дүгнэсэн.
Шинэ хуульд эцэг эх, асран хамгаалагчид хүртэл хүүхдэд “үндэстний эв нэгдэлд хортой” үзэл санаа төлөвшүүлэхгүй байх үүрэгтэй гэж заасан нь энэ маргааныг гэр бүлийн хүрээнд хүртэл оруулж иржээ. Мөн өөр өөр үндэстний хүмүүсийг илүү хольж суурьшуулах, “харилцан шингэсэн” нийгмийн орчин бий болгохыг дэмжсэн заалтууд бий. Хятадын тал үүнийг хүмүүсийн хоорондын харилцааг нэмэгдүүлэх бодлого гэж тайлбарладаг бол шүүмжлэгчид үндэстний цөөнх төвлөрсөн уламжлалт орон нутгийн бүтэц, хэлний хэрэглээнд урт хугацаанд нөлөөлж болзошгүй гэж үздэг.
Шинэ хуулийн хамгийн анхаарал татсан заалтуудын нэг нь Хятадын нутаг дэвсгэрээс гадуурх үйл ажиллагаатай холбоотой. Хуулийн 63 дугаар зүйлд гадаадын байгууллага, хувь хүн “үндэстний эв нэгдлийг сүйтгэх” эсвэл “үндэстний хуваагдал бий болгох” үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг тусгасан байна.
Мэдээж Хятад улс өөр улсын нутаг дэвсгэр дээр өөрийн хуулийг шууд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал. Гэхдээ хүний эрхийн байгууллагуудын хувьд гол эрсдэл нь өөр зүйл. Хятадаас гадуур амьдардаг төвд, уйгур, монгол хүн үндэстний асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа Хятадад буцаж очих боломжгүй болох, эсвэл эх оронд нь байгаа гэр бүлийн хүмүүст нь дарамт учирч болзошгүй гэсэн айдас бий болох эрсдэлтэй билээ.
Эцэст нь Хятадын үндэстний бодлогын ирээдүйг нэг асуултаар хэмжиж болох юм. Хятад улс олон үндэстнээ нэгтгэхдээ тэднийг нэгэн ижил болгох уу, эсвэл ялгаатай хэвээр нь нэг улс дотор багтааж чадах уу?
Эх сурвалж:
Laura Bicker. “Can China target critics abroad with its new ‘ethnic unity’ law?” BBC News, July 1, 2026.
Marin Ekstrom. “Language Policy in Inner Mongolia and its Implications for Chinese and International Human Rights.” China Currents, Vol. 22, No. 1, China Research Center, March 27, 2023.

