Швецайрь Улсын Женев хотноо 10-р сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд НҮБДАЭДКГ-ын гүйцэтгэх хорооны 77-р хурал зохион байгуулагдаж, өнөөгийн дэлхий дахины тогтворгүй байдлын хохирогчид болох дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэж байна.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссар Бархам Салих тус хурлын нээлтийн илтгэлийн үеэр дүрвэгсдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ бие даан амьдрах боломжийг нь нэмэгдүүлж, дүрвэгсдийн асуудлыг урт хугацаанд шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн тэрээр илтгэлдээ:
Мөргөлдөөн, хүчирхийлэл, хавчлага болон бусад аюул заналын улмаас 117 сая гаруй хүн гэр орноо орхин дүрвээд байна. Судан, Украин, Сахелийн бүс нутаг, Йемен болон Латин Америкийн олон улс оронд үргэлжилж буй хямрал нь дүрвэгсдийн асуудлыг улам хүндрүүлж байна.
Дүрвэгсдэд нэн шаардлагатай тусламж үзүүлэх нь чухал боловч зөвхөн амьжиргааг нь залгуулахад анхаарах бус, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээх, ирээдүйгээ өөрсдөө тодорхойлох боломжийг бүрдүүлэх ёстой.
Дүрвэгсдийн урт хугацааны хамаарлыг бууруулах зорилгоор “50 by 35” санаачилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг санаачилгын хүрээнд 2035 он гэхэд удаан хугацаагаар дүрвэж, хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай амьдарч буй дүрвэгсдийн тоог тал хувиар бууруулах зорилт тавьж байна.
Үүний тулд дүрвэгсдийн эрх зүйн статус, боловсрол болон хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Гэхдээ бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь дүрвэгсдийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэсэн үг биш бөгөөд эх орондоо сайн дураар, аюулгүй буцах, орон нутагт нийгэмших, гуравдагч улсад суурьших зэрэг урт хугацааны шийдлийг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.
Мөн 2026 оны аравдугаар сарын 9-ний байдлаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын 2026 оны шаардлагтай нийт төсвийн дөнгөж 35 хувьтай тэнцэх санхүүжилт бүрдсэн нь ээдрээтэй цаг үед том сорилт болж байна.
Энэхүү хомсдол нь мөргөлдөөнд өртсөн хүмүүсийн эмнэлгийн тусламж, хууль зүйн үйлчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг, хүүхэд хамгааллын үйлчилгээ зэрэг бүхий л талаар сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц батлагдсаны 75 жилийн ой тохиож буй энэ үед дүрвэгсдийг хамгаалах олон улсын үүрэг хариуцлага улам чухал болж байгааг илтгэлдээ онцлон тэмдэглэлээ.


