Олон улсын эрх зүйд ‘Зэвсэгт мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил, хүчирхийллээс үүдэн эх орноосоо дүрвэж, эргэж очих боломжгүй нөхцөл байдалд байгаа хүмүүсийг “Дүрвэгсэд” гэнэ’ хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхий дээр хэдэн арван сая хүн олон шалтгааны улмаас эх орноо орхиж байгаа хэдий ч дайн, зэвсэгт мөргөлдөөн бол үүний гол шалтгаан болж байна.
Их Британийн 1905 оны Харь иргэдийн тухай хууль (Aliens Act)-ийг орчин үеийн дүрвэгсдийн асуудлыг зохицуулах эрх зүйн суурь баримт бичиг болж байв. Тус хууль Оросын эзэнт гүрэн дэх хомроголон устгах үйл ажиллагаанаас зугтсан еврей цагаачдын урсгалыг зохицуулах зорилгоор батлагдаж байсан бөгөөд үүнээс хойш 1917 оны Оросын хувьсгал болон иргэний дайны улмаас сая гаруй хүн эх орноо орхин дүрвэж 1921 онд Зөвлөлтийн засгийн газар дүрвэсэн иргэдийнхээ иргэншлийг хүчингүй болгосноор тэд харьяалалгүй, хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримтгүй болсон юм. Үүнийг шийдэхийн тулд Үндэстнүүдийн Лигийн дүрвэгсдийн асуудал хариуцсан анхны Дээд комиссар, Норвегийн эрдэмтэн Фритьоф Нансен 1922 онд “Нансений паспорт”-ыг нэвтрүүлжээ. Энэ нь дүрвэгсдэд олон улсын хамгаалалт олгосон анхны эрх зүйн хэрэгсэл болсон төдийгүй тус онд Фритьоф Нансен тус ажлаараа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны улмаас зөвхөн Европт 40 сая орчим хүн дүрвэсэн бөгөөд Хятадыг оролцуулбал энэ тоо 100 саяас давна. Дайны дараа ч Европт дүрвэгч хэвээр үлдсэн нэг сая орчим хүнд туслах зорилгоор НҮБ 1950 онд Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрыг ердөө 3 жилийн хугацаатай байгуулсан ч одоог хүртэл геополитикийн тогтворгүй байдлын улмаас үйл ажиллагаагаа явуулсаар байна. 1951 онд Дүрвэгсдийн статусын тухай конвенцийг баталсан бөгөөд уг конвенц, түүний 1967 оны протоколыг одоогоор 149 улс даган мөрдөж байна.
Хүйтэн дайны жилүүдэд дүрвэгсдийн асуудал зөвхөн Европ бус дэлхий нийтийг хамарсан асуудал болон хувирсан юм. 1956 оны Унгарын бослогын улмаас 200,000 гаруй хүн дүрвэсэн ба колоничлолоос ангижрах үйл явцтай зэрэгцэн Алжирын тусгаар тогтнолын дайн зэрэг Африкийн мөргөлдөөнүүд дүрвэгсдийн шинэ урсгалыг бий болгожээ. Ийнхүү зөвхөн 1951 оноос өмнөх үйл явдлыг хамарч байсан конвенцийн хязгаарлалт бодит байдалтай нийцэхээ больсноор 1967 онд Дүрвэгсдийн статусын тухай протоколыг баталж, олон улсын хамгааллыг цаг хугацаа, газарзүйн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх болжээ. Гэвч конвенц нь хувь хүний хавчлагад суурилдаг тул дайнаас зугтсан хүмүүсийг шууд хамгаалж чаддаггүй байсан тул энэ цоорхойг нөхөх зорилгоор 1969 онд Африкийн Эв Нэгдлийн Байгууллагын конвенц, улмаар 1984 онд Латин Америкийн Картахенагийн тунхаглал нь дүрвэгчийн статусыг дахин тодорхойлж гадны түрэмгийлэл болон нийтийг хамарсан хүчирхийллээс зугтсан хүмүүсийг хамруулжээ.
Энэ хугацаанд 1971 онд Бангладешийн тусгаар тогтнолын дайны улмаас 10 сая орчим хүн Энэтхэг рүү, 1975 оноос хойш Вьетнамаас нэг сая орчим хүн далайгаар дүрвэсэн бол 1979 онд Зөвлөлтийн түрэмгийллийн улмаас Афганистанаас 6 сая гаруй хүн, 1980-аад онд Төв Америкийн иргэний дайнуудын улмаас хоёр сая хүн дүрвэсэн нь их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн жижиг улс орнуудын дотоод мөргөлдөөнийг хэрхэн хурцатгаж байсныг тодоор харуулдаг.
Үүний дараагаар, Зөвлөлт Холбоот Улс задран унаж, улмаар Хүйтэн дайн төгсгөл болсон ч колоничлолын дараах улс орнуудад зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэхийн хэрээр дүрвэгсдийн нөхцөл байдал, дүрвэх үйл явцын шинж чанарт дахин өөрчлөлт гарсан юм. Өмнө нь дүрвэгсдийн тодорхой бүлгийг засгийн газруудын зохион байгуулалттайгаар хүлээн авдаг байсан бол энэ үеэс эхлэн хувь хүмүүс өөрсдөө орогнол хүсэх өргөдөл гаргах нь эрс нэмэгдэв. Коммунист дэглэм нуран унаснаар Зүүн Европын орнуудад зорчих хөдөлгөөний хязгаарлалт суларч, олон хүн эх орноо орхин явах боломжтой болжээ.
Гэвч дүрвэгсдийн хувьд илүү ноцтой асуудал нь иргэний мөргөлдөөнүүд байв. Хүйтэн дайны дараах олон улсын харилцааны шинэ нөхцөлд их гүрнүүдийн дэмжлэг, нөлөө суларснаар хэд хэдэн улсын засгийн газрын эрх мэдэл, чадавх доройтож, улмаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас “ялгаатай байдлаас үүдэлтэй мөргөлдөөн” (proliferation of identity-based conflicts)-с үүдэн хүмүүс дүрвэх тохиолдол нэмэгджээ. 1990-ээд оны Балканы дайн 3 сая, 1994 оны Руандагийн геноцид 2 сая орчим хүнийг дүрвүүлсэн нь үүний тод жишээ юм. Үүний зэрэгцээ улс доторх албадан шилжилт хөдөлгөөн эрс өсөж, дүрвэгсэд аюулгүй газар орон бараадахыг эрмэлзэхийн хэрээр хууль бус хүн худалдаалах, хил дамнасан хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа ч нэмэгдсэн байна.
2000 оны эхэн үед дүрвэгсдийн нөхцөл байдал хоёрдмол шинжтэй байв. Дэлхий даяар дүрвэгсдийн тоо 2001 онд 12.1 сая байсан бол 2005 оны эцэст 8.4 сая болж буурсан нь 1980 оноос хойших хамгийн бага түвшин байсан ч Афганистан (2001), Ирак (2003) дахь дайн болон 2003 оноос эхэлсэн Дарфурын мөргөлдөөний улмаас дүрвэгсдийн тоо эрс өсчээ. Тухайлбал, Дарфурын дайнд 2010 оны эцэс гэхэд 300,000 хүн амь үрэгдэж, 2 сая гаруй хүн орон гэрээсээ хөөгдсөн бөгөөд тэдний нэлээд хэсэг нь хөрш Чад улсын дүрвэгсдийн хуаранд өнөөг хүртэл амьдарсаар байна. Ийнхүү 2010 оны эцэст дэлхийн албадан дүрвэгсдийн тоо 43.7 саяд хүрчээ.
2011 онд эхэлсэн “Арабын хавар”, ялангуяа Сирийн иргэний дайн дүрвэгсдийн асуудлыг шинэ шатанд гаргасан юм. Бараг 14 жил үргэлжилсэн Сирийн дайны улмаас нийт 14 сая хүн орон гэрээ орхиход хүрч, 2015 онд дэлхийн албадан дүрвэгсдийн тоо НҮБ-ын түүхэнд анх удаа 60 саяас давж, 65.3 саяд хүрсэн нь Европт “дүрвэгсдийн хямрал” үүсэхэд хүргэсэн. 2010–2019 оны хооронд дүрвэгсдийн тоо бараг хоёр дахин өсч, 41 саяас 79.5 саяд хүрсэн бол эх орондоо буцах боломж эрс хумигдсан байна. 1990-ээд онд жил бүр дунджаар 1.5 сая дүрвэгч эх орондоо буцдаг байсан бол 2010-аад онд энэ тоо 385,000 орчим болтлоо буурчээ. Улмаар 2022 онд Оросын Украин руу хийсэн бүрэн хэмжээний түрэмгийллийн улмаас албадан дүрвэгсдийн тоо анх удаа 100 саяас давж, 2024 оны эцэст Судан, Мьянмар, Украин дахь мөргөлдөөний улмаас 123.2 саяд хүрсэн нь түүхэн дээд түвшин болсон юм. 2025 онд дүрвэгсдийн тоо сүүлийн арван жилд анх удаа буурч, 117.8 саяд хүрсэн ч энэ нь Афганистан, Сири, Судан руу буцсан хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.
Тэд юу туулдаг вэ?
Нэгэнтээ эх орноосоо дүрвэн гарсан хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэдэг. Эдгээр олон сая дүрвэгсдийн амьдралаас зөвхөн нэгийг жишээлэн авч үзвэл:
Суданы иргэн Ахмад Яхья 2003 оны Дарфурын дайны үймээн самуун дунд гэр бүлээсээ салж, олон хоног явган явсаар Чадын алслагдсан хотын захад орших Ирдими дүрвэгсдийн хуаранд хүрч ирэхдээ 9 настай байжээ. Тэрээр 2018 он хүртэл тоосгон байшин барьж, ойролцоох жижиг талбайд шар будаа тариалж амьдралаа залгуулсаар НҮБ-ын дэмжлэгтэй сайн дурын эх орондоо буцах хөтөлбөрт хамрагдан Судан руу буцаж, Ньяла хотод суурьшсан ч 2023 онд дахин иргэний дайн эхэлж, тус хот бүслэгдсэнээр Ирдими дүрвэгсдийн хуаран луу буцахад хүрчээ. Түүнийг Чадад ирснээс хойших 23 жилийн хугацаанд тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж улам бүр буурсаар байгаа бөгөөд тусламжийн санхүүжилт удаан үргэлжилж буй, улам бүр хүндэрч буй онцгой байдлын хурдыг гүйцэж чадахгүй байна. Өнөөдөр тэрээр хуаранд 2 хүүгээ өсгөж, газар тариалан эрхлэн амьдарч байгаа ч энэ жил тохиолдсон гангаас үүдэн ургац хурааж чадаагүй тул тусламжийн хоол хүнсэнд найдахаас өөр сонголтгүй үлджээ.
Энэ бол дүрвэгсдийн амьдралын нийтлэг жишээ бөгөөд дайн удаан хугацаагаар үргэлжлэх тусам хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ буурч, хүмүүсийн анхаарлын төвөөс гардаг байна. Хэдийгээр дайн дууссан ч эх орондоо эргэн очих, дахин шинээр амьдралаа босгох хэцүү тул эх орондоо очсон гээд дүрвэгсдийн тооноос хасах нь учир дутагдалтай, дэмжлэг хэрэгтэй хэвээр байдаг байна.
Өнөөдөр дэлхийн 70 хүн тутмын нэг нь албадан дүрвэсэн үзүүлэлт гарч байгаа бол 2005 онд энэ харьцаа 174 хүн тутмын нэг байжээ. Мөн сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ огцом буурахын зэрэгцээ дүрвэгсдийн тоо өсөж байгаа нь хамгийн том сорилт болж байна. Нэг дүрвэгчид ногдох санхүүжилт 2004 онд 1,257 ам.доллар байсан бол 2025 онд 371 ам.доллар болж буурчээ. Зөвхөн АНУ-ын Засгийн газар гэхэд л 7.4 тэрбум долларын тусламжаа татсан байна.
2026 онд эхэлсэн Ираны дайны улмаас Иран дотор 3.2 сая, Ливанд нэг сая хүн шинээр дүрвэсэн нь дүрвэгсдийн хямрал улам нэмэгдэж санхүүжилт буурсан хэцүү цаг үеийг олон сая гэмгүй иргэд туулж байна. Тэдний амь нас эх орноосоо дүрвэн гарсан цагаасаа эхлэн эрсдэлд ордог. Цаашлаад тэд ямар ч улсад хууль ёсоор оршин суух, хөдөлмөр эрхлэх эрхгүй тул эрүүл мэнд, боловсрол зэрэг наад захын нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх, ялгаварлан гадуурхалтад өртдөг. Гэвч дүрвэгсдийн хувьд амьд үлдэх нь л гол зорилго юм.
Эх сурвалж:
Chatterji, J. (2009). Partition and migration: Refugees in West Bengal, 1947–1967. In The spoils of partition. Cambridge University Press.
Declercq, C. (n.d.). From Antwerp to Britain and back again: The language of the Belgian refugee in Britain during the First World War. In C. Declercq & J. Walker (Eds.), Languages and the First World War: Representation and memory.
Gatrell, P. (n.d.). Forced migration and the Second World War. Gale. https://www.gale.com/jp/essays/peter-gatrell-forced-migration-second-world-war-introduction
Peeling, S. (2014). Refugees (Russian Empire). In 1914-1918-online: International Encyclopedia of the First World War. https://encyclopedia.1914-1918-online.net/article/refugees-russian-empire/
U.S. Department of State. (1983). Refugees from communism (Historical Research Memorandum No. 1400).
ALNAP. (2026). Хүмүүнлэгийн санхүүжилтийн мэдээлэл (Reuters-ийн нийтлэлээр дамжуулан).
Konrad-Adenauer-Stiftung. (2026, July). The 1951 Refugee Convention at 75: Insights from the UNHCR’s Global Trends report. https://www.kas.de/en/web/multilateraler-dialog-genf/map-of-the-month/
U.S. Committee for Refugees and Immigrants. (2026, February). Situation update: Myanmar. https://refugees.org/wp-content/uploads/2026/02/Situation-Update-Myanmar-Feb-2026-USCRI.pdf
Christian Science Monitor. (1980, November 18). Helping the world’s homeless: Refugee footprints from the Huguenots to the Haitians. https://www.csmonitor.com/1980/1118/111839.html
Newsweek. (n.d.). Ten times Britain took refugees in times of crisis. https://www.newsweek.com/ten-times-britain-took-refugees-times-crisis-2-600800
UNRIC. (2026). Syrian refugees return home amid humanitarian crisis. https://unric.org/en/syrian-refugees-return-home-humanitarian-crisis/
AMES News. (2026). Human displacement remains at record levels: UNHCR report. https://amesnews.com.au/lead-story/human-displacement-remains-at-record-levels-unhcr-report/
NHCR. (2000). The state of the world’s refugees 2000: Fifty years of humanitarian action. Oxford University Press.
UNHCR. (2006). 2005 global refugee trends. https://unhcr.org/my/sites/en-my/files/legacy-pdf/4486ceb12.pdf
UNHCR. (2011). Global trends 2010. https://drupalandia.unhcr.info/sites/default/files/legacy-pdf/4dfa11499.pdf
UNHCR. (2015). States parties to the 1951 Convention relating to the Status of Refugees and the 1967 Protocol. https://www.unhcr.org/in/sites/en-in/files/legacy-pdf/3b73b0d63.pdf
UNHCR. (2025). Global appeal 2026. https://www.unhcr.org/global-appeal
UNHCR. (2025). Syria situation overview: Global appeal 2026. https://www.unhcr.org/sites/default/files/2025-12/Syria%20situation%20overview%20-%20Global%20Appeal%202026.pdf
UNHCR. (2026). Global trends: Forced displacement in 2025. https://www.unhcr.org/globaltrends.html
UNHCR. (2026, August 19). 10 things to know about the Global Trends. https://www.unhcr.org/nordic-and-baltic/node/997
UNHCR. (2026). Regional update – Europe. https://www.unhcr.org/system/files/protected-files/2026-03/europe-95-sc-e.pdf
UNHCR. (n.d.). History of UNHCR. https://www.unhcr.org/en-us/history-of-unhcr.html

