Франц Улсад 9-р сарын дунд үеэс эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн хүрээгээ тэлж Европ даяар буюу Итали, Чех, Албани, Бельги, Португал, Испани, Серби зэрэг улсуудад идэвхтэй өрнөж байна. Эдгээр жагсаалууд нь харилцан адилгүй шалтгаантай хэдий ч тоймлон авч үзвэл тэтгэвэрийн тогтолцоо, орон сууцны хүртээмжгүй байдал, боловсролын систем, авлига болон дайныг эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, Франц, Бельгид боловсролын салбарын асуудал, Испани, Португалд орон сууцны хямрал, Испанид тэтгэврийн тогтолцоо, Албанид авлигын асуудал иргэдийн эсэргүүцлийг өдөөжээ.
Энэхүү Европ дахины жагсаалын сэдэл болсон Франц Улсын ахлах сургуулийн сурагчдын эсэргүүцлийг дэлгэрэнгүй авч үзвэл:
Тус жагсаал одоогоор тав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд тэдний гол шаардлага нь боловсролын салбар дахь санхүүжилтээ нэмэгдүүлэх, тэтгэвэрийн санд зарцуулах төсвийг бууруулах юм. Гэвч сонирхолтой нь тус улсын боловсролын салбарын төсөв бусад Европын чинээлэг орнуудтай харьцуулахад дундажаас дээгүүрт ордог байна. Гэвч тус улсын захын хотуудын сургууль бусад хотуудтай харьцуулахад сургуулийн орчин, багш, боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй, тэгш бус байна хэмээн эсэргүүцэгчид хэлж байв.
Францад тэтгэвэр нь улсын нийт зарлагын дөрөвний нэгийг эзэлдэг. Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд анх удаа яам тус бүрийн тэтгэврийн ачааллыг ил болгосноор Боловсролын яамны төсвийн 32% нь төрийн албан хаагчдын тэтгэврийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байгаа гэжээ.
Мөн олон жилийн туршид нийтийн үйлчилгээнд харьцангуй бага мөнгө зарцуулсан нь өнөөгийн сургуулийн орчны доройтлын шалтгаан болж сурагчид хархтай сургуульд сурдаг хэмээн ярьж байв. Тэд сургуулийн орчныг сайжруулах, багш нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, дээд боловсролын байгууллагад элсэх боломжийг шударга бусаар хуваарилдаг тогтолцоог халахыг шаардаж байгаа юм.
Эхэндээ боловсролын салбарын асуудлаар эхэлсэн хөдөлгөөн удалгүй амьжиргааны өртөг, шатахууны үнэ нэмэгдэх, нийгмийн тэгш бус байдал гүнзгийрэх, Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаглалыг эсэргүүцэх өргөн хүрээний хөдөлгөөн болон тэлж, тайван бус жагсаал болон хувираад байна. Харамсалтай нь энэхүү жагсаалыг ашиглан дээрэм тонуул, эд хөрөнгө сүйтгэх үйлдэл газар авч олон мянган бизнесийн байгууллага хохирол амсаад байгаа бөгөөд үүний улмаас худалдаа үйлчилгээний байгууллагууд дараа дараагийн жагсаалаас хамгаалах арга хэмжээ аваад байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэнээс хойш анх удаа буюу 10-р сарын 23-ны өдөр сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзан
Орон нутгийн удирдлагуудад сургуулийн барилга байгууламжийг засварлахад зориулж дөрвөн тэрбум еврогийн зээл олгох,
Эхний ээлжид бага орлоготой бүс нутгийн ахлах сургуулиудын 50 хувьд нэг ангид суралцах хүүхдийн тоог 28 болгон бууруулах,
Их, дээд сургуулийн кампус, байгууламжид нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх, оюутны тэтгэлгийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх,
Дээд боловсролын байгууллагуудад шинээр 15,000 элсэлтийн байр бий болгохоор төлөвлөж, 2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдэгээ мэдэгдсэн хэдий ч жагсагчид эдгээр амлалтууд тэдний тавьсан шаардлагыг бүрэн хангаагүй, мөн албан ёсоор хэрэгжих хүртэл эсэргүүцлээ илэрхийлэхээ зогсоохгүй хэмээн мэдэгдсэн юм.
Харин Италид нийгэм эдийн засгийн асуудлуудыг хамарсан илүү өргөн хүрээтэй жагсаал болж Милан, Болонья, Турин хотуудад иргэд амьжиргааны өртөгийн өсөлт, бага цалин, өндөр түрээс, төрийн үйлчилгээний дутагдалтай байдал, цаашлаад Жоржиа Мелонигийн засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагсаж байна. Жагсаалын үеэр дээрэм, мөргөлдөөн гарч Италийн арми Милан руу 500 цэрэг илгээсэн нь нөхцөл байдал хэр хурцадсаныг харуулж байгаа юм.
Мөн эдгээр жагсаалуудаас үр дүнд хүрч чадсан Сербийн оюутны жагсаал 2024 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн авлигыг таслан зогсоох, төрийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэхийг шаардан үргэлжилсээр байв. 2025 оны нэгдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд Милош Вучевич болон Нови-Сад хотын дарга огцорсон боловч оюутнууд ээлжит бус сонгууль явуулах шаардлагаа үргэлжлүүлжээ. Улмаар 2026 оны аравдугаар сарын 25-нд болсон парламентын ээлжит бус сонгуулиар Александер Вучич ялагдалаа хүлээн зөвшөөрч түүний 2012 оноос хойших засаглалыг унагааж чадсан юм.
Ийнхүү Францаас бусад орны жагсаалуудыг нэгтгэн харвал гурван гол чиг хандлага ажиглагдана. Баруун болон өмнөд Европт (Бельги, Итали, Испани, Португал, Грек) амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний доройтол гол асуудал болж байгаа бол Зүүн өмнөд болон төв Европт (Албани, Чех) засаглал, ардчилалын асуудал голлож байна. Хэдийгээр эдгээр улсуудын жагсаалын шалтгаан өөр боловч залуу үеийнхэн жагсаалын хөдөлгөгч хүч болж, нэг орны жагсаал нөгөө орныхоо жишээ болох хил дамнасан нөлөө тод ажиглагдаж, ард иргэд ардчилал, чанартай амьдралын төлөө тэмцсээр байна.
Эх сурвалж:
CNBC, “What’s making Europe so angry? The frustration behind the protests” (20 Oct 2026): https://www.cnbc.com/2026/10/20/france-protests-europe-cost-living-violence.html
CNN, “October 24, 2026: Clashes in France after day of mostly peaceful protests”: https://www.cnn.com/2026/10/24/world/live-news/france-protests-paris-europe-intl
MoneyVox, “Budget 2027 : 32% des crédits de l’Éducation nationale iront aux retraites, 30% à l’Intérieur”: https://www.moneyvox.fr/actu/110794/budget-2027-32-des-credits-de-education-nationale-iront-aux-retraites-30-a-interieur
COR (Conseil d’orientation des retraites), Rapport annuel 2026: https://www.cor-retraites.fr/sites/default/files/2026-06/RA_Part2_Chap1.pdf
The Jakarta Post / Reuters, “Italian police clash with protesters in Milan and Bologna” (18 Oct 2026): https://www.thejakartapost.com/world/2026/10/18/italian-police-clash-with-protesters-in-milan-and-bologna
Bernama, “Italy’s Military To Send 500 Troops To Milan After Riots” (20 Oct 2026): https://bernama.com/en/region/news.php?id=2623192
OSW Centre for Eastern Studies, “Vučić or the students? Serbia ahead of the parliamentary elections” (21 Oct 2026): https://www.osw.waw.pl/en/publikacja/34400/pdf
The Star / Reuters, “Serbia’s Vucic concedes defeat to student-led movement in parliamentary election” (26 Oct 2026): https://www.thestar.com.my/news/world/2026/10/26/serbia039s-vucic-concedes-defeat-to-student-led-movement-in-parliamentary-election
Al Jazeera, “Cost of living protests hit Belgium, Italy, Portugal and France” (17 Oct 2026): https://www.aljazeera.com/news/2026/10/17/cost-of-living-protests-hit-belgium-italy-portugal-and-france
Euronews, “Protests sweep across Europe from France to Albania, Italy, Spain and Portugal” (24 Oct 2026): https://www.euronews.com/2026/10/24/protests-sweep-across-europe-from-france-to-albania-italy-spain-and-portugal
OPB / AP, “From France to Albania, social unrest is setting Europe’s streets ablaze” (20 Oct 2026): https://www.opb.org/article/2026/10/20/from-france-to-albania-social-unrest-is-setting-europe-s-streets-ablaze/
Al Jazeera, “About 25,000 rally in Madrid in support of Spain’s state pension scheme” (24 Oct 2026): https://aljazeera.com/news/2026/10/24/about-25000-rally-in-madrid-in-support-of-spains-state-pension-scheme
Al Jazeera, “Albanian police fire rubber bullets as protests against Rama escalate” (17 Oct 2026): https://www.aljazeera.com/amp/news/2026/10/17/albanian-police-fire-rubber-bullets-as-protests-against-rama-escalate
SRN News / Reuters, “Thousands protest Czech government’s public media overhaul after rushed vote” (25 Oct 2026): https://srnnews.com/thousands-protest-czech-governments-public-media-overhaul-after-rushed-vote/

