ДҮРВЭГСЭД БА ЭДИЙН ЗАСАГ ХООРОНДЫН ХАМААРАЛ

Дэлхий даяар гэр бүлээ, гэрээ, улсаа орхихоос өөр аргагүй байдалд хүрч, амь нас нь эрсдэлд орсон 117,3 сая хүн 2025 оны 6-р сарын байдлаар оршин байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын Газар (НҮБ-ын ДАЭДКГ), Mid-Year Trends 2025.

Түүнчлэн дүрвэгсэд ихээр очиж буй улсын эдийн засаг нь уналттай биш харин ч эсрэгээрээ өсөлттэй байгаа нь дүрвэгсдийг ажлын байраар хангаж, ажлын байр болон хүний капиталыг бий болгох байдлаар эдийн засагт эерэг өөрчлөлт авчирч байна.

Дүрвэгсдийн асуудлыг ихэвчлэн хүмүүнлэгийн тусламж, аюулгүй байдалтай холбон ярьдаг ч зөвхөн “эрсдэл” гэдэг өнцгөөс харах нь тухайн асуудлын эдийн засаг, нийгэм, хүний эрхийн олон талт байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй байна. Тэдэнд гэртээ харьж чадахгүй аль эсвэл нутагтаа буцаж очиж чадахгүй байх нийтлэг шалтгаан байна.

Өөрөөр хэлбэл тухайн улс дахь ямар нэг хямралын үр дагавар нь хүний эрхийн хамгаалалт сулрах, амьжиргааны боломж хумигдах зэрэг ард иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байдаг байна.

Олон улсын туршлагаас харахад дүрвэгсдэд эрх зүйн хамгаалалт, хөдөлмөр эрхлэх боломж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бүрдсэн нөхцөлд тэд хүлээн авагч улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах боломжтой байна. Энэ нь дүрвэгсэд хүлээн авах улсад очсоноор заавал эдийн засгийн дарамт үүсгэх албагүй гэсэн үг юм. 2025 оны эцсийн байдлаар Бүгд Найрамдах Колумб Улс (БНКУ), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Бүгд Найрамдах Турк Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс (ИБНИУ), Бүгд Найрамдах Уганда Улсууд хамгийн их дүрвэгч хүлээн авсан байна.  

Үүнээс дүгнэвэл: Дүрвэгсдийн эдийн засгийн нөлөөлөл нь зөвхөн тэдний тооноос хамаардаггүй. Харин тухайн улс тэднийг ямар эрх зүйн зохицуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх болон анхдагч хэрэгцээг хэрхэн хангаж байгаагаас шалтгаалдаг.

Дүрвэгсдийн эдийн засгийн оролцоо төрийн бодлогоос хэрхэн хамаардгийг БНКУ-ын жишээгээр харуулбал:

НҮБ-ын ДАЭДКГ-ын мэдээллээр 2024 оны эцсийн байдлаар Колумб Улсад байсан 2.9 сая Венесуэл иргэний 1.9 сая гаруй нь түр хамгаалалтын зөвшөөрөл авсан. Энэ бодлого нь тэднийг нийгмийн гадна үлдээх бус, хууль ёсоор оршин суух, ажил эрхлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болгосон. НҮБ-ын ДАЭДКГ, Colombia Strategy 2023–2026.

БНКУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2020 оноос хойш өссөөр 2024 онд 1.5 хувь, 2025 онд 2.6 хувь болж нэмэгдсэн байна. 2026 онд Дэлхийн банкны үзсэнээр 2.6 хувь, Олон улсын валютын сан (ОУВС)-ын үзэж буйгаар бол 2.3 хувийн эдийн засгийн өсөлт үзүүлэхээр байна. Энэхүү өсөлтийг дан ганц Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачидтай шууд холбон тайлбарлах боломжгүй. Гэсэн ч ОУВС, Дэлхийн банк, Америк хоорондын хөгжлийн банк (IDB), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон НҮБ-ын ДАЭДКГ-ын судалгаанд Колумбын ДНБ тус тус өсөлттэй байх тухай дурдсан байна. Учир нь энэхүү дүрвэгсдийн урсгал нь хүлээн авагч орны ДНБ-ний өсөлтийг 2017–2030 онд жилд дунджаар 0.10–0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь голчлон ажиллах хүчний нийлүүлэлт, хүний капиталын өсөлтөөр дамжин хэрэгждэг гэж үзсэн байна. ОУВС, Regional Spillovers from the Venezuelan Crisis.

Иймд дүрвэгсдийг зөв бодлогоор бүртгэлжүүлж, хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний тогтолцоотой холбох нь эдийн засгийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх боломжтой байна.

Дээрх мэдээллээс авч үзэхэд тэдний “эрх зүйн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэх боломж, анхдагч хэрэгцээ” зэрэг тодорхой болсон үед дүрвэгсэд эдийн засгийн хувьд идэвхтэй гишүүнболж чадахуйц байна. Тэд ажил хийж орлого олно, орлогоороо хэрэглээ бий болгоно, татвар төлнө, жижиг бизнес эрхлэх боломжтой болно, ур чадвараа хөдөлмөрийн зах зээлд ашиглана. Учир нь тэд гэмт хэрэг, аюулгүй байдлын хэвшмэл ойлголтоор тодорхойлогдох ёсгүй харин энгийн амьдрах боломжгүй болсон эгэл жирийн хүмүүс юм.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.