ӨВӨР МОНГОЛ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд өрнөж буй үйл явдлууд, тус бүс нутгийн иргэдийн соёл, хэл болон суурь эрх чөлөөний асуудал олон улсын түвшинд анхаарал татсан сэдэв болоод байна. Түүхийн хувьд тус бүс нутаг 17-р зууны дунд үеэс Манж Чин улсын нөлөөнд орсноор Хятадын улс төрийн хүрээнд хамаарах эхлэл тавигдсан бөгөөд улмаар 1947 онд өөртөө засах эрхтэй муж болон зохион байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш хүн ам зүйн бүтцэд гарсан томоохон өөрчлөлт буюу Хан хятадуудын шилжин суурьшилт эрчимжсэнээр монголчууд өөрийн нутаг дээрээ нийт хүн амын дөнгөж 17 орчим хувийг эзлэх цөөнх болон үлджээ. Хүн ам зүйн энэхүү тэнцвэргүй байдал нь өнөөгийн соёлын болон нийгмийн олон асуудлын суурь шалтгаан болж байна.

Сүүлийн жилүүдэд Бээжингийн зүгээс үндэстний нэгдмэл байдлыг бэхжүүлэх нэрийдлээр соёлын тулгалт хийх бодлогыг тууштай хэрэгжүүлэх болов. Энэ нь 2020 оноос хэрэгжиж эхэлсэн боловсролын салбарын шинэчлэл юм. Уг шийдвэрээр дунд сургуулиудын голлох хичээлүүдийг монгол хэлээр заахыг зогсоож, хятад хэл дээр шилжүүлсэн төдийгүй олон нийтийн газар, цахим орчин, төрийн байгууллагуудад монгол бичгийн хэрэглээг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Эх хэл, түүх соёлоо хамгаалах гэсэн иргэдийн тайван жагсаал, эсэргүүцлийг хууль хяналтынхан албадан тарааж, идэвхтнүүдийг баривчлан саатуулсан явдал нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан үйлдэл болсныг Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвөөс баримтжуулан мэдээлсэн байдаг.

Хэл соёлын шахалтаас гадна эдийн засгийн хөгжил, үйлдвэржилтийн хурдац дунд малчдын эрх ашиг хөндөгдсөөр байна. Уул уурхайн олборлолт, үйлдвэрүүдийн өргөжилтөөс шалтгаалан бэлчээр нутаг эрс хорогдож, байгаль орчин доройтох болсон. Үр дүнд нь олон зууны турш уламжлагдаж ирсэн нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломж багасаж, малчдыг албадан суурин амьдралд шилжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжсэн. Энэ үйл явдлаар тэдний өмчлөх эрх болон амьжиргааны эх үүсвэрт шууд заналхийлж байгаа бөгөөд газрын эрхийн асуудлаар шаардлага тавьсан, бэлчээрээ хамгаалсан иргэд хуулийн хатуу шийтгэл хүлээх тохиолдол гарсаар байна.

Олон улсын хамтын нийгэмлэг болон хүний эрхийн байгууллагуудын зүгээс Өвөр Монголд өрнөж буй эдгээр үйл явцад санаа зовниж буйгаа илэрхийлсээр ирсэн. Гэвч Хятадын төв засгийн газар эдгээр шүүмжлэлийг няцааж, өөрийн дотоод хэрэгт хөндлөнгийн улс орнууд оролцож байна хэмээн үзэж, явуулж буй бодлогоо боловсролын чанарыг дээшлүүлэх мөн бүс нутгийг хөгжүүлэх зорилготой хэмээн тайлбарладаг. Иймд Өвөр Монгол дахь хүний эрх, үндэстний цөөнхийн оршин тогтнох асуудал нь Бээжингийн хатуу хяналт болон олон улсын хүмүүнлэгийн зарчмуудын дунд шийдэгдээгүй, маргаантай сэдэв хэвээр үлдсээр байна.

Эх сурвалж:

Amnesty International. (2021). China 2020 human rights report. Amnesty International.

https://www.amnesty.org/en/location/asia-and-the-pacific/east-asia/china/report-china

National Bureau of Statistics of China. (2021). Main data of the seventh national population census. http://www.stats.gov.cn/english/PressRelease/202105/t20210511_1817143.html

Southern Mongolian Human Rights Information Center. (2020). Massive protests erupt in Inner Mongolia over China’s new language policy. https://www.smhric.org/news_677.htm

State Council Information Office of the People’s Republic of China. (2021). White paper: Xinjiang and Inner Mongolia ethnic minority policy and education development. http://english.www.gov.cn/archive/whitepaper/

United Nations Office of the High Commissioner for Human Rights. (2020). China: UN experts deeply concerned by alleged cultural and linguistic assimilation policies in Inner Mongolia (Press Release). https://www.ohchr.org/en/press-releases/2020/10/china-un-experts-deeply-concerned

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.