Дэлхийн өнцөг булан бүрт дэгдэж буй дайн дажин, байгалийн гай гамшиг, улс орнуудын тогтворгүй байдал сая сая хүний амьдралыг бүхэлд нь эргүүлж, тэднийг төрсөн нутгаасаа гарахад хүргэдэг. Энэ мэт хүнд цаг үед дүрвэгсдийн орогнох газар нь тэдний амь насыг хамгаалах эхний болоод хамгийн чухал хоргодох газар болдог. Эдгээр газрууд нь дүрвэгсдийг орон байраар хангахаас гадна, хоол хүнс, эмнэлгийн тусламж, цэвэр ус зэрэг амьд явахад зайлшгүй хэрэгцээтэй бүх зүйлийг түргэн шуурхай хүргэх үндэс суурь нь болдог.
Зарим орогнох газрууд бусдаас өөрөөр, нэлээд амжилттай хөгжсөн байдаг. Тухайлбал, Иордан улсын зүүн хойд хэсэгт байрлах Заатари нэртэй суурин энэ талаар тод жишээ болж чадна. 2012 онд Сирийн дайнаас зугтсан хэдхэн зуун хүний хувьд гарц болж байгуулагдсан энэ газар маш богино хугацаанд хэдэн арван мянган хүн амтай хот шиг газар болж тэлсэн байна. Эхэндээ майхан, металл сараваар хучсан байшингаар хязгаарлагдаж байсан бол өдгөө замын сүлжээ, эмнэлэг, есөн сургуультай болсон. 2017 онд Германы засгийн газар, Иорданы засгийн газар хамтран барьсан 12.9 мегаватт хүчин чадалтай нарны цахилгаан станц нь дүрвэгсдийн орогнох газрын хэмжээнд барьсан хамгийн том төсөл гэгддэг бөгөөд дүрвэгчдид өдөрт 12-14 цаг цахилгаан хангадаг. Энэ станцыг угсрах, ажиллуулах ажилд 250 гаруй Сирийн дүрвэгсэд оролцсон нь өөрсдийн гэсэн орлоготой болох боломж олгожээ. Үүний зэрэгцээ зах худалдааны гудамж бий болж, оршин суугчдын дотроос хувцас оёдол, хүнсний бизнес эрхлэгчид цөөнгүй гарч ирсэн нь тэднийг бие даан амьдрах чадвартай болгосон байна.
Гэвч энэ зургийн нөгөө талд тэс өөр бодит байдал бий. Бангладеш улсын Кокс Базаар хотын ойролцоох Кутупалонг суурин дэлхийн хамгийн их хүн амтай дүрвэгсдийн газар бөгөөд найман зуу гаруй мянган Рохинжа үндэстний хүмүүс энд амьдардаг. Тус газар хэмжээгээрээ жижиг хэдий ч хүн амын нягтрал асар өндөр тул нэг ариун цэврийн газрыг дунджаар тавь гаруй хүн хуваан ашигладаг. Энэ нь олон улсын байгууллагуудын тогтоосон стандартаас хэд дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Ариун цэврийн байгууламж дутмаг, цэвэр усны хангамж хязгаарлагдмал тул судлаачдын тогтоосноор уст сорьцын ¼ илүү хувь нь бохирдсон байгаа нь хижиг, суулгалт зэрэг өвчин байнга тархах нөхцөл болдог. Тэндхийн оршин суугчдын байшин нь голчлон шавар, хулс, хуванцар даавуугаар зассан тул улирлын чанартай хүчтэй шуурга, нуранги бороо орох үед амархан нурж унадаг бөгөөд галын аюул, нуранги, шуурга зэрэг гамшиг жил бүр давтагдан тохиолддог байна. Сургууль, ажлын боломж ч мөн адил хязгаарлагдмал тул тэндхийн хүмүүс гадны тусламжид найдахаас өөр аргагүй нөхцөлд амьдардаг. Иймд нэг талд бие даан амьдардаг дүрвэгч хүмүүс байхад нөгөө талд хэдэн жил болсон ч хараат байдалдаа үлдсэн хүмүүс байгаа нь ил тод харагдана.
Эцэст нь хэлэхэд, дүрвэгсдийн орогнох газар нь зөвхөн түр зуурын хамгаалалт байж болохгүй. Харин тухайн газарт амьдардаг хүмүүсийн эрхийг хамгаалсан мөн хөгжин дэвших боломжтой орчин байх ёстой. Энэ зорилгод хүрэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэг тогтвортой, урт хугацааны бодит шийдэл боловсруулах хэрэгтэй байна.
Эх сурвалж:
UNHCR US — “Jordan’s Za’atari refugee camp: 10 facts at 10 years” https://www.unhcr.org/us/news/stories/jordans-zaatari-refugee-camp-10-facts-10-years
UN Foundation — “Powering Life in The World’s Largest Syrian Refugee Camp” https://unfoundation.org/blog/post/powering-life-in-the-worlds-largest-syrian-refugee-camp/
The National News — “World’s biggest solar power plant for a refugee camp opens in Zaatari” https://www.thenationalnews.com/world/mena/world-s-biggest-solar-power-plant-for-a-refugee-camp-opens-in-zaatari-1.675484
KfW Stories — “Solar plant supplies Zaatari, a refugee city in Jordan, with green electricity” https://www.kfw.de/stories/society/social-cohesion/solar-plant-zaatari/
Malteser International — “Refugee Camp Cox’s Bazar – Bangladesh” https://www.malteser-international.org/en/our-work/asia/bangladesh/life-in-a-refugee-camp.html
Al Jazeera — “What is life like inside the world’s biggest refugee camp in Bangladesh?” https://www.aljazeera.com/news/longform/2023/8/25/what-is-life-like-inside-the-worlds-largest-refugee-camp
IRC (International Rescue Committee) — “The Rohingya Crisis: What to know and how to help” https://www.rescue.org/article/rohingya-crisis-what-know-and-how-help
Human Rights Research — “Crisis Within a Crisis: Environmental Degradation in the Rohingya Refugee Settlement in Bangladesh” https://www.humanrightsresearch.org/post/crisis-within-a-crisis-environmental-degradation-in-the-rohingya-refugee-settlement-in-bangladesh

