Тайланд, Малайз дахь дүрвэгсдийн ажиллах эрхэд гарсан өөрчлөлтүүд

Дэлхий даяар хүмүүнлэгийн тусламжийн төсөв хумигдаж буй энэ үед дүрвэгсдэд ажиллах эрх олгох асуудал урьд урьдынхаас илүү чухал болж байна. Дүрвэгчдийг олон жил тусламжаас хамааралтай байлгах нь тэдний ирээдүйг ч, хүлээн авч буй улсын эдийн засгийг ч хязгаарладаг. Харин хөдөлмөр эрхлэх боломж олговол дүрвэгч хүн өөрийгөө болон гэр бүлээ тэтгэхээс гадна амьдарч буй улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулах боломжтой. Хөгжлийн бодлогын төвийн судлаач Харрисон Танг, Томас Гинн нарын нийтлэлд энэ санааг Тайланд, Малайзын жишээгээр тодорхой харуулжээ.


Зүүн Өмнөд Ази нь дүрвэгсдийн хөдөлмөр эрхлэх эрх хамгийн их хязгаарлагдсан бүсүүдийн нэг байсаар ирсэн. Мьянмар дахь олон жилийн мөргөлдөөн, угсаатны цөөнхийн эсрэг хүчирхийлэл, 2021 оны цэргийн эргэлтийн дараах улс төрийн тогтворгүй байдал олон мянган хүнийг хөрш орнууд руу дүрвэхэд хүргэсэн. Бангладеш бараг нэг сая Рохинжа дүрвэгчийг хүлээн авч байгаа бол Тайланд 87 мянга гаруй, Малайз 201 мянга гаруй дүрвэгчтэй байна. Гэвч дүрвэгч олноор хүлээн авсан нь тэдний эрхийг бүрэн хамгаалж байна гэсэн үг биш юм. Тайланд, Малайз хоёр Зүүн Өмнөд Азийн орнуудын дундаас дүрвэгсэд хамгийн олноор хүлээн авдаг улсуудад багтдаг ч дүрвэгсдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийн хувьд хууль эрх зүй болон бодит хэрэгжилтийн аль алинд доогуур үнэлгээтэй байсаар ирсэн. Мөн эдгээр хоёр улс 1951 оны Дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй хэвээр байгаа нь дүрвэгсдийн эрх зүйн байдлыг улам бүр тодорхойгүй болгодог байсан ч сүүлийн нэг жилд хоёр улс хоёулаа дүрвэгсдийн ажиллах эрхийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж эхэлсэн нь бүс нутгийн хувьд анхаарал татахуйц өөрчлөлт юм.


Тайландын хувьд энэ өөрчлөлт олон арван жилийн дараах том алхам юм. Тайланд улс 2025 оны наймдугаар сард Мьянмараас ирсэн дүрвэгсдэд хуарангийн гадна ажиллах эрх олгох түүхэн шийдвэр гаргасан ба эдгээр дүрвэгсдийн ихэнх нь Карен, Каренни гаралтай бөгөөд Тайланд-Мьянмарын хил дагуух засгийн газрын удирдлагатай хуаранд олон жил амьдарч ирсэн хүмүүс юм.


Мөн Камбож-Тайландын хилийн маргаанаас шалтгаалан 780 мянга гаруй Камбож ажилчин эх орон руугаа буцсан бөгөөд тэд өмнө нь Тайландын нийт ажиллах хүчний 12 хувийг бүрдүүлж байжээ. Үүний улмаас хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллах хүчний хомсдол нэмэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн дүрвэгсдийн хуаранд олгогддог хүнс, эмнэлгийн тусламж багассан нь тэдэнд тогтвортой амьжиргааны шийдэл хэрэгтэйг улам тодруулжээ.


Эдгээр давхацсан өөрчлөлтүүдэд хариу болгож Тайландын эрх баригчид ажил олгогчийн ивээн тэтгэлгээр дүрвэгсдэд нэг жил хүртэл хугацаанд ажиллах зөвшөөрөл олгох туршилтын хөтөлбөр эхлүүлсэн. Уг хөтөлбөрт хамрагдсан дүрвэгсэд Тайландын төв, хойд, зүүн бүсийн олон мужид ажиллах боломжтой. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын тооцоогоор хуарангуудад 18–55 насны 42 мянга орчим хөдөлмөрийн насны дүрвэгч байгаа бөгөөд тэдний 12 мянга нь уг хөтөлбөрт бүртгүүлээд байна.


Шинэ зохицуулалтын дагуу ажил олгогчид дүрвэгч ажилчдыг ур чадвараар нь сонгож, бичиг баримтыг аймгийн хөдөлмөрийн байгууллагад бүрдүүлж, хуарангаас гарах зөвшөөрөл хүсэх үүрэгтэй. Харин ажиллах зөвшөөрөл авсан хүний гэр бүлийнхэн хуаранг орхих боломжгүй хэвээр байна. Энэ нь бодлого зөв чиглэлд урагшилж байгаа ч гэр бүлийн нэгдмэл байдал, хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах баталгаа, нийгмийн хамгааллын асуудал цаашид анхаарал шаардаж байгааг харуулна.


Зөвшөөрөл батлагдсаны дараа дүрвэгч ажилчид очих муждаа шилжин суурьшиж, үнэмлэх бичиг баримт авч, банкны үйлчилгээ ашиглах боломжтой болно. Ингэснээр тэд гэр бүлдээ мөнгө илгээх, албан ёсоор орлого олох, бүртгэлтэй хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх юм. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул дүрвэгч ажилчид Хөдөлмөр хамгааллын тухай хуулийн хүрээнд ажилчны эрх, нийгмийн хамгаалал эдлэх ёстой гэж мэдэгдсэн нь энэ бодлогын хамгийн чухал баталгааны нэг болж байна. Хэрэв хөтөлбөр амжилттай хэрэгжвэл хот суурин газарт амьдарч буй 5 мянга орчим дүрвэгчийг ч хамруулах боломжтой бөгөөд ижил сорилттой бусад улс оронд жишиг болох магадлалтай.

Малайзын ард иргэд ч мөн ажил олгогчдын холбоо хөдөлмөрийн хүчний дутагдлыг бууруулахын тулд дүрвэгчдийг хууль ёсоор ажиллуулахыг Засгийн газартаа уриалж эхэлжээ. Зарим компани, орон нутгийн байгууллага дүрвэгчдэд сургалт өгөх санал гаргасан бол хоол үйлчилгээний салбар олон мянган сул орон тоогоо нөхөхийн тулд дүрвэгч ажилчдыг авах сонирхлоо илэрхийлсэн байна.


Тайланд, Малайзын шинэчлэл ойрын хугацааны ажиллах хүчний хомсдлыг шийдэхээс гадна илүү том өөрчлөлтийн дунд өрнөж байгаа ба хоёр улс хоёулаа хүн амын хөгшрөлттэй нүүр тулж байна. Тайландын хөдөлмөрийн насны хүн ам 2020–2060 оны хооронд бараг 30 хувиар буурах төлөвтэй бол Малайз ч мөн хөгширч буй нийгэм рүү шилжиж, эдийн засгийн өсөлтөд дарамт нэмэгдэхээр байна. Ийм үед ажиллах хүсэлтэй дүрвэгсдийг хөдөлмөрийн зах зээлийн гадна үлдээх нь улам бүр үр ашиггүй бодлого болж байна.


Дүрвэгсдэд ажиллах эрх олгох нь хоёр талын ашигтай шийдэл байж чадах ба нэг талаас дүрвэгч өрхүүд тусламжаас бага хамааралтай болж, өөрсдийн орлогоор амьдрах боломжтой болно. Нөгөө талаас ажиллах хүчний хомсдолтой салбарууд хөдөлмөрийн шинэ эх үүсвэртэй болно. Илүү өргөн утгаараа энэ нь хуаранд олон жил тусгаарлах бодлогын оронд дүрвэгсдийг нийгэм, эдийн засгийн амьдралд оролцуулах шинэ загвар болж чадна.


Гэхдээ энэ дэвшил бодит өөрчлөлт болох эсэх нь хэрэгжилтээс хамаарах бөгөөд дүрвэгсэд үнэхээр ажиллаж чадах уу, хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалагдах уу, гэр бүл нь аюулгүй үлдэх үү, хүүхдүүд нь сургуульд хамрагдах уу гэдэг асуулт нээлттэй хэвээр байна. Тиймээс Тайландын ажиллах зөвшөөрлийн хөтөлбөрийг нарийвчлан үнэлэх нь дүрвэгсдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх бодлого дүрвэгсэд болон хүлээн авагч нийгэмд ямар нөлөөтэйг харуулах чухал баримт болох юм.

Зөв бодлогоор оновчтой хэрэгжүүлж, үр дүнг нь бодитоор хэмжиж чадвал Тайланд, Малайзын эдгээр алхам Зүүн Өмнөд Ази төдийгүй бусад бүс нутагт дүрвэгсдийг нийгэмд нэгтгэх шинэ жишиг болж мэднэ. Дүрвэгсдийг ажиллах эрхгүй, тусламжаас хамааралтай байлгах уу, эсвэл хөдөлмөрлөж амьдралаа босгох боломж олгох уу гэдэг нь эцэстээ зөвхөн эдийн засгийн биш, хүний эрхийн сонголт юм.


Ашигласан эх сурвалж:
Харрисон Танг, Томас Гинн. “Тайланд, Малайз дахь дүрвэгсдийн ажиллах эрхэд гарсан дэвшил.” Хөгжлийн бодлогын төв, 2025. (https://www.cgdev.org/blog/breakthrough-refugees-work-rights-thailand-and-malaysia)

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.