Дэлхий даяарх иргэншилгүй хүмүүс ба бидний анхаарал хандуулах ёстой шалтгаан

Дэлхий дээр дор хаяж 4.5 сая хүн аль ч улсын иргэн гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй амьдарч байна. Энэ тооны цаана сонирхолтой боловч сэтгэл эмзэглүүлэм баримтууд бий. Иргэншилгүй хүмүүсийн олонх нь хил давж дүрвэсэн хүмүүс биш. Тэдний олон нь төрж өссөн, хэл соёл нь шингэсэн, гэр бүл, амьдрал нь байгаа улсдаа хуулийн өмнө “иргэн” гэж тооцогддоггүй хүмүүс юм.


Иргэншилгүй байна гэдэг зөвхөн паспортгүй байна гэсэн үг биш. Энэ бол сургуульд сурах, эмнэлэгт үзүүлэх, хууль ёсоор ажиллах, банкны данс нээх, гэрлэх, өмч эзэмших, санал өгөх, хилээр зорчих зэрэг амьдралын хамгийн энгийн хаалгууд хаагдаж мэднэ гэсэн үг. Тиймээс иргэншилгүйдэл бол бичиг баримтын жижиг асуудал биш, хүний эрхийн хамгийн суурь асуудлын нэг билээ.


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын мэдээлснээр, 2025 оны эцсийн байдлаар дэлхий даяар дор хаяж 4.5 сая иргэншилгүй хүн бүртгэгдсэн байна. Гэвч олон улс иргэншилгүй хүмүүсийн талаарх бүрэн мэдээлэл цуглуулдаггүй тул бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, бидний мэдэж буй тоо бол зөвхөн өнгөц харагдаж буй хэсэг нь юм.


Иргэншил бол бусад эрхэд хүрэх түлхүүр ба бидний олонх нь иргэншлээ зөвхөн гадаад паспорт авах, сонгууль өгөх, эсвэл бичиг баримтаа сунгуулах үедээ л анзаардаг. Харин иргэншилгүй хүний хувьд энэ нь өдөр бүр хурцаар мэдрэгддэг асуудал юм. Нээлттэй нийгмийн шударга ёсны санаачилгын газрын тайлбарласнаар, иргэншлийг хүлээн зөвшөөрөх нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хуулийн өмнө тэгш байх зэрэг олон эрхийн суурь нөхцөл болдог.


Иргэншилгүйдэл олон шалтгаанаас үүдэлтэй юм. Зарим хүн төрөхдөө л иргэншилгүй болдог ба эцэг эх нь хүүхдэдээ иргэншлээ дамжуулах боломжгүй, эсвэл хүүхэд төрсөн улс нь тухайн хүүхдэд автоматаар иргэншил олгодоггүй бол хүүхэд ямар ч улсын иргэн биш үлдэх эрсдэлтэй. Төрсний бүртгэлгүй байх нь ч энэ эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь төрсний гэрчилгээ бол хүүхэд хаана, хэзээ төрсөн, хэний хүүхэд болохыг нотлох хамгийн анхны бичиг баримт юм.


Мөн ялгаварлан гадуурхалт иргэншилгүйдлийн гол шалтгаануудын нэг юм. Зарим улсын хууль, бодлого үндэс угсаа, шашин, хэл, арьс өнгө, хүйсээр ялгаварлан иргэншил олгодог. Ийм үед ганц хүн биш, бүхэл бүтэн бүлэг хүмүүс үе дамжин иргэншилгүй үлдэх аюултай. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын мэдээлснээр, бүртгэгдсэн иргэншилгүй хүмүүсийн олонх нь цөөнхийн бүлэгт хамаардаг.


Манай улсын хувьд ч энэ асуудал холын, зөвхөн бусад улсын тухай сэдэв биш. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын манай улсын талаарх 2014 оны материалд дурдсанаар, Монгол улс дахь иргэншилгүй хүмүүсийн тооны талаар өөр өөр үнэлгээ байдаг. Албан ёсны статистик цөөн тоо харуулдаг ч зарим эх сурвалж хэдэн арван мянган хүн байх магадлалтай гэж үзэж байжээ.


Манай улсад иргэншилгүйдлийн асуудал Казах үндэстний зарим иргэдийн жишээгээр илүү тод харагдсан ба 1990-ээд онд олон мянган Казах монголчууд Казахстан руу нүүж, зарим нь Казахстаны иргэншил авахын тулд Монголын иргэншлээсээ гарсан байна. Гэвч тэдний зарим нь Казахстаны иргэншил авч чадалгүй, аль ч улсын иргэн биш болж үлджээ. Зарим нь Монголдоо буцаж ирсэн ч иргэншлээ сэргээх, бүртгэлээ баталгаажуулах үйл явц тэдэнд амар байгаагүй юм (НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар, 2014).


Хүн нэг улсын иргэншлээс гарахдаа нөгөө улсын иргэншлийг баталгаатай аваагүй бол хуулийн “завсар”-т унах эрсдэлтэй ба уг эрсдэл нь хүүхдээ сургуульд бүртгүүлэх, эмнэлэгт үзүүлэх, ажилд орох, банкны данс нээх, хилээр зорчих зэрэг амьдралын олон чухал хаалгыг хааж мэднэ.


Монгол Улсын хуульд иргэншилгүйдлээс сэргийлэх зарим хамгаалалт бий. Жишээлбэл, эцэг эхийн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн эсвэл иргэншилгүй хүн бол хүүхэд Монголын иргэн болох боломжтой. Мөн эцэг эх нь тогтоогдоогүй, Монголын нутаг дэвсгэр дээр олдсон хүүхдийг Монголын иргэн гэж үзэх зохицуулалт байдаг. 2013 онд Монголын Цагаачлалын байгууллага Монгол, Казахстан хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 220 Казах иргэн Монгол эсвэл Казахстаны иргэншилтэй болсон гэж мэдээлжээ (НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар, 2014).


Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Монголын иргэншил авах хүсэлтэй хүн өмнөх иргэншлээсээ эхэлж гарах шаардлагатай байдаг. Харин өмнөх иргэншлээсээ гарсны дараа шинэ иргэншил нь баталгаажаагүй бол тухайн хүн иргэншилгүй болох эрсдэлтэй. Мөн иргэншил авах, сэргээх үйл явц удаан үргэлжилбэл хүн олон жил эрх зүйн тодорхойгүй байдалд амьдарч болзошгүй.


Иргэншилгүй хүний амьдралд саад бэрхшээл том сорилтуудаас төдийгүй өдөр тутмын жижиг сорилтуудаас эхэлдэг. Төрсний гэрчилгээгүй хүүхэд сургуульд ороход хүндрэлтэй. Иргэний үнэмлэхгүй залуу хууль ёсоор ажиллах боломжгүй болж, бага цалинтай, албан бус ажил руу шахагдаж болно. Түүнчлэн паспортгүй хүн гадагшаа зорчих боломжгүй ба банкны дансгүй хүн албан ёсны цалин авах, бизнес эхлүүлэх, хуримтлал үүсгэхэд бэрхшээлтэй.


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын мэдээлснээр, 2014 оноос хойш 550 мянга гаруй хүн иргэншилтэй болох эрхээ эдэлж чаджээ. Иргэншилгүйдлийг бууруулахын тулд улс орнууд иргэний харьяаллын хуулиасаа ялгаварласан заалтуудыг арилгах, хүүхдийг иргэншилгүй төрөхөөс хамгаалах, төрөлт бүрийг бүртгэх шаардлагатай.

Нийтлэлийг бичсэн: Ч. Маралмаа — Харвард Кеннедигийн сургууль


Ашигласан эх сурвалж:
Горис, Индира, Жулиа Харрингтон Редди, Себастиан Кон. 2009. “Иргэншилгүйдэл гэж юу вэ, яагаад чухал вэ?” Нээлттэй нийгмийн шударга ёсны санаачилга.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар. Он тодорхойгүй. “Иргэншилгүй хүмүүс.”
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар. 2014. Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт зориулсан НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын танилцуулга. Женев

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.