Хөгжиж буй орны эдийн засагт дүрвэгсдийн үзүүлэх эерэг нөлөө

Дэлхий даяар дүрвэгсдийн тоо өсөхийн хэрээр дүрвэгсдийг эдийн засгийн дарамт гэж харах хандлага нэмэгдсээр ирсэн. Гэвч олон улсын судалгаануудын тоо баримтын онцолж буйгаар дүрвэгсэд асуудал биш, харин тэднийг хэрхэн хүлээн авч, хөдөлмөрийн зах зээлд хэр хурдан оруулж байгаагаас эдийн засагт үзүүлэх үр нөлөө хамаардаг.


2014 онд дэлхийн дүрвэгсдийн тоо 19.5 саяд хүрч, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн өндөр түвшинд очсон. Тухайн үед дүрвэгсдийн талаас илүү хувь нь Сири, Афганистан, Сомалиас гаралтай байсан бол хамгийн олон дүрвэгч хүлээн авсан орнууд нь Турк, Пакистан, Ливан, Иран байв. Сайн дурын цагаачлалаас ялгаатай нь дүрвэгсдийн дийлэнх нь өндөр хөгжилтэй бус, харин хөгжиж буй орнууд руу чиглэдэг. Хөгжиж буй бүс нутгууд нийт дүрвэгсдийн 86 хувийг хүлээн авдаг нь энэ ачаа ихэвчлэн нөөц багатай орнуудад ногддогийг харуулна.


Олон нийтийн дунд “дүрвэгсэд ирвэл ажлын байр булаана, цалин бууруулна” гэсэн ойлголт түгээмэл. Гэвч өндөр хөгжилтэй орнуудад олон тооны цагаач, дүрвэгч хүлээн авах нь ажилгүйдлийг заавал нэмэгдүүлдэг, эсвэл төрийн санхүүд даахын аргагүй дарамт үүсгэдэг гэсэн таамаг практикт бүрэн нотлогдоогүй байна. Харин зөв бодлого хэрэгжвэл дүрвэгсэд шинэ хэрэглээ, хөдөлмөрийн нийлүүлэлт, татварын орлого, бизнесийн идэвхийг эдийн засагт бий болгодог.


Кени улсад хийсэн НҮБ-ын болон Дэлхийн банкны судалгаагаар дүрвэгсэд хүлээн авсан бүс нутгийн нийт бүтээгдэхүүн 3.4 хувиар өсөж, ажлын байр нэмэгдэн, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирсан байна. Дүрвэгсдэд ажил хийх, чөлөөтэй зорчих эрх олгосноор нэг хүнд ногдох орлого 6 хувиар нэмэгдэх боломжтой гэж НҮБ-ын судалгаагаар тооцоолжээ.


Бразилын Рорайма муж Венесуэлийн дүрвэгсэд, цагаачдыг хүлээн авсны дараа ДНБ нь 2.3 хувиар өсөж, бусад мужуудын дундаж өсөлтөөс 1.4 нэгж хувиар давсан. Мөн татварын орлого нэмэгдэж, олон улсын худалдаа өргөжсөн байна.


АНУ-ын хувьд 2005–2019 онд дүрвэгсэд болон орогнол хүсэгчид нийт 124 тэрбум ам.долларын цэвэр эерэг төсвийн нөлөө бий болгосон гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна Колумбад Венесуэлийн дүрвэгсдийг хууль ёсны статустай болгох хөтөлбөр хэрэгжсэний дараа тэдний хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, орон нутгийн ажиллах хүчинд үзүүлсэн сөрөг нөлөө багассан. Иорданд ч Сирийн дүрвэгсэд олноор суурьшсан бүс нутгийн иорданчуудын хөдөлмөр эрхлэлт муудаагүй, зарим тохиолдолд цалин өсөж, албан бус ажлаас албан ёсны ажил руу шилжих боломж нэмэгджээ.


Гэхдээ дүрвэгсдийн урсгал ямар ч хүндрэл үүсгэдэггүй гэсэн үг биш. Ялангуяа хөгжиж буй орнууд хүн амтайгаа харьцуулахад олон дүрвэгч хүлээн авдаг хэрнээ дэд бүтэц, хөрөнгө оруулалт, нийгмийн үйлчилгээний боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын зөрүү, орон сууц, сургууль, эмнэлгийн ачаалал богино хугацаанд нэмэгдэх эрсдэлтэй.


Асуудал дүрвэгсдэд биш, бодлогод бий бөгөөд хэрэв дүрвэгсдийг олон жил тусгаарласан хуаранд байлгаж, ажил хийх эрхгүй, чөлөөтэй зорчих боломжгүй орхивол тэд эдийн засгийн идэвхтэй оролцогч болж чадахгүй. Европт орогнол хүсэгчид ажлын зөвшөөрөл авахын тулд дунджаар ес гаруй сар хүлээдэг байсан бол Германд энэ хугацаа 5.5 сар хүртэл богиноссон байна. Хөдөлмөрийн зах зээлд хурдан нэгтгэвэл дүрвэгсдийн урсгал ЕХ-ны ДНБ-д нэмэлт өсөлт авчрах боломжтой гэж тооцоолсон байдаг.


Тиймээс дүрвэгсдийг “дарамт уу, боломж уу?” гэж асуухад хариулт нь бодлогоос хамаарна. Тусгаарлавал дарамт болно. Нэгтгэвэл боломж болно. Дүрвэгч хүн эх орноо сонгож орхидоггүй. Харин хүлээн авч буй улс түүнийг ирээдүйн татвар төлөгч, ажилтан, бизнес эрхлэгч, хөрш, нийгмийн гишүүн болгох эсэхээ бодлогоороо сонгодог.


Эцсийн дүнд дүрвэгсдэд нээгдсэн хаалга зөвхөн хүмүүнлэгийн хаалга биш — эдийн засгийн хөгжлийн хаалга байж чадна.


Нийтлэлийг бичсэн: Ч.Маралмаа-Харвард Кеннедигийн их сургууль

Ашигласан эх сурвалж:
Stakanov, R. D. 2016. “Refugees as a Factor of Economic Development in Host Countries of Migration.” Actual Problems of International Relations 129: 82–89.
United Nations High Commissioner for Refugees. n.d. The Economic Case for Welcoming Refugees. Geneva: UNHCR.
U.S. Department of Health and Human Services. n.d. The Fiscal Impact of Refugees and Asylees Over 15 Years: Over $123 Billion in Net Benefit from 2005 to 2019. Washington, DC: Office of the Assistant Secretary for Planning and Evaluation.

Share the Post:

Бидэнтэй хамтран ажиллах

Бид дүрвэгчийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг ТББ болон нийгмийн хариуцлагын хүрээнд тус асуудлаар анхаарах Бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.